УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2019 онд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгье. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 2018 оны 2 дугаар сарын 28-нд гарсан. Энэ тогтоол шахмал түлш хэрэглэхээс 19 сарын өмнө гарсан. Тогтоол гарсантай холбоотойгоор цахилгаан халаагуур, агаар шүүгчийн НӨАТ болон гаалийн татварыг чөлөөлсөн. Мөн цаашид зөвхөн сайжруулсан түлш биш нүүрсийг орлох өөр ямар боломж байна вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Шөнийн тарифийн тэглэлтэд 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Энэ хүндрэлтэй байгаа 23 сая болгох шаардлагатай байна гэдгийг Эрчим хүчний сайд хэлээд байгаа. 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нам даралтын 100 кВт цагаас дээш хүчин чадалтай 290 уурын зууханд агаар шүүгч буюу филтер тавьсан. Одоо 90 орчим зуух дутуу байна. Ирэх 14 хоногт дуусна. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдээс гарч буй хүндрэлүүд байна. 19 сарын өмнө гарсан төр засгийн шийдвэрийг биелүүлэх ёстой ААН-үүдэд ямар хүндрэл гарч байна вэ гэхээр эхэндээ филтер хийлгэхгүй гэж хариуцлагагүй хандчихаад одоо үр дүнтэй болоод ирэхээр "Бидний түүхийг нүүрсийг сайжруулсан түлшээр сольж өг" гэж өөрсдийгөө зөвтгөх арга хэрэглэж байна. 

Дараагийн нэг хүндрэл бол сайжруулсан түлшний түгээлт. Өнгөрсөн 6 дугаар сараас хойш идэвхжүүлсэн. Түлээ, түлш борлуулдаг цэгүүд эхэндээ шаардлагыг эсэргүүцсэн. Одоо үйл ажиллагаа эрчимжээд ирэхэд хүлээн зөвшөөрч урагшилж байна. Борлуулалтын цэгүүд бий болгохтой холбоотойгоор газар чөлөөлөлтөд хүндрэлүүд гарч цаг алдсан ч одоо жигдэрч байна.

Газ болон цахилгаан халаагуур, газрын гүний дулаан гэдгээр нийт 22 байгууллага, сургууль, цэцэрлэгийн халаалтыг сольсон. 

Эртнээс мэдээлэл сурталчилгаа хийгээгүй гэсэн яриа байна. Улаанбаатарын нийт 202 мянган өрхөд 4200 гаруй ажилтнаараа чадан ядан хүрч ажилласан. Алгын чинээ цаас тараасан гэж шүүмжилж байна. Тэр цаасан дээр байгаа ганц том өгүүлбэр нь "та зуухныхаа стандарт, яндангийнхаа битүүмжлэлийг шалгаарай" гэсэн байгаа. 

"Түүхий нүүрсээ нөөцөлчихсөн байхад сайжруулсан түлшээрээ солихгүй яадаг юм" гэж түүхий нүүрс нөөцөлсөн иргэн, борлуулагч нар ч байна. Яагаад хязгаарлалт тогтоосон бэ гэхээр үеийн үед бидэнд тохиолддог аль нэг худалдан авагч бөөнөөр нь авч хомсдол үүсгээд, шагилж цааш нь зарж, хэн нэгэн ашиг хийх асуудал гардаг. Ингүүлэхгүйн тулд картаар хязгаарлалт тогтоож байгаа. 

Улмаар бүх иргэнд жигд хүртээнэ. Эхний жилд хүндрэлтэй зүйлүүд байгаа. Гэхдээ бид хөгжих ёстой, стандарт байх ёстой гэдэг нэг алхмыг харуулсан. 

Ханан пийшингийн асуудлаар мэргэжлийн болон гадны байгууллагууд судалгаа хийсэн. Гэр, зуух, байшин, пийшингийн стандарт бүгд жигд биш учир Монгол Улс стандарт мөрдөхгүй бол хотыг дагасан хүндрэлэсээ гарахгүй гэсэн. Тиймээс БОАЖЯ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 4, 6 , 8 ам бүлтэй айлын орчин үеийн ногоон байшингийн стандартыг батлуулсан. Цаашид эдгээр зургаар барих байшингуудад ногоон зээл олгохоор ажиллаж байна. 

Одоо бид дулаан алдагдлаа бууруулах ёстой. Иргэн бүр 10 гаруй хоногт хариуцлагатай ажиллаж, гэр байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулж чадах юм бол бидний хэрэглээ багасна.

Сайжруулсан түлш нүүрснээс хоёр дахин бага хэрэглэгдэж, хоёр дахин удаан шатаж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч байна. Нэг алхам урагшилсан энэ ажлаа бүгдээрээ цааш сайжруулаад үргэлжлүүлээд явах нь зүйтэй байна" хэмээлээ.