Өчигдөр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннаны дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөх ёслол болжээ.

НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш арга хэмжээний үеэр Кофи Аннанд хүндэтгэл үзүүлж, түүнд зориулан эмгэнэл илэрхийлэх номд гарын үсэг зурсан байна.

“Кофи Аннаны хамт олон юм шүү гэж дуудах бахархлыг бидэнд өгсөн, НҮБ-ын үнэ цэнэ болсон энэ эрхэмд бид хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Кофи Аннан НҮБ-ыг тэргүүлж байх үе гайхалтай сайхан мөч байсан. Тэрбээр үргэлж шинэлэг санаа гаргадаг байсны зэрэгцээ шинэ хүмүүсийг НҮБ гэсэн гэр бүлд нэгтгэдэг байсан. Тэрбээр тус байгууллагын зорилго, үүргийн талаар чин сэтгэлээсээ ярьж ирсэн билээ. Мөн тэрбээр НҮБ дэлхийн бүх иргэдийн төлөө юу хийж чадах боломжтойг шинэчлэн тодорхойлсон хүн юм” гэж Антонио Гутерриш мэдэгджээ.

Ганын дипломат Кофи Аннан өнгөрсөн бямба гарагт Швейцарт насан өөд болсон билээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2006 оныг хүртэл 10 жил ажилласан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг