Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж байна. Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.

Тус хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож байна. 

Энэ үеэр хуулийн заалтын зарим үндэслэлийн талаар Цэц УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулахад "УИХ-ын чуулганы хуралдаан дээр цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийн талаарх мэдээллийг Цэцийн гишүүн хийсэн. Та бүхэн мэдэж байгаа. Ер нь энэ талаар УИХ-ын гишүүд ойлгосон юм уу, ойлгоогүй юм уу гэж дүгнэхээр байна. Улс төржилтийг анхаардаг болохоос, хуулийн дүгнэлт энэ тэрийг УИХ-ын гишүүд анхаарч байгааг би харахгүй байна. Уг нь бол үндсэн ажил нь юм. 

Нэг УИХ-ын гишүүн итгэмжилсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралдаанд ордог, Цэцийн нэг гишүүн УИХ дээр танилцуулдаг. Тэгээд сонсож байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юмуу, уншсан ч юм уу, уншаагүй ч юм уу ингээд шийдвэр гүйцэтгэл байхгүй процесс үргэлжлэх юм. 

Тиймээс төлбөр төлөгч, авагч хоёрын эрх ашиг, сонирхлыг хамгаалах ажлыг явуулах ёстой гэдэг байр суурь дээр би үндэслэлээ тайлбарласан. Тухайн үеийн үйл ажиллагаанаас шалтгаалаад УИХ үүнийг хүлээж аваагүй. Түүнээс биш УИХ нэг их том дүгнэлт гаргасан зүйл байхгүй юм билээ. 

Яг үнэндээ нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдвэр гарч, хууль заавал биелэгдэх ёстой. Өнөөдөр шийдвэр гүйцэтгэл хангагдаж байж энэ нийгэмд төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг адилхан хууль зүйн баталгаагаар хангаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол төлбөр авагч гэж хэдэн хүн гарч ирээд төлбөр төлөгчийг насан туршид нь гэмт хэрэгтэн, буруутан юм шиг байдлаар хандаж дуртай зүйлээ шаардаж, шахаад байж байдаг боллоо. Тиймээс төлбөр төлөгчдийн эрх ашгийг хамгааалаасай гэж энэ үндэслэлүүдийг гаргаж тавьсан" хэмээлээ.