Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ сарын 6-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын дарга тус хуулийн төсөл Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Үндсэн хуулийн цэцээс дээрх асуудалд хариу ирүүлснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр уншиж танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн тус хариу албан бичигт:

"УИХ-ын дарга таны 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын нэмэлт өөрчлөлтийн төсөл болон холбогдох баримт бичгийг хүлээн авч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд зөвлөлдөн дараах хариуг хүргүүлж байна. 

Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага бөгөөд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталтгаа мөн гэж заасан. 

Үндсэн хуулийн цэц эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын агуулгад бүрэн нийцсэн байвал зохино" гэжээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон хэмээн зарим нь үзэж буй ч зарим УИХ-ын гишүүн болон иргэд энэ удаагийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийг улам дордуулж байна гэсэн эсрэг байр суурьтай буй юм. УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг одоо хэрэгжиж буй Үндсэн хуулиа зөрчиж байна гэж үзэн хэлэлцүүлэгт оролцохгүй байна.

Чуулганы өнөөдрийн хуралдааныг шууд дамжуулж байна.