Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 10-нд нийт 317 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 9 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Хангимандал боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ хамрагдсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Мөн зэвсэгт хүчний 77 хүнд тандалтаар шинжилгээ хийсэн. коронавирус илрээгүй. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. 

Монгол Улсад нийт 194 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 89 нь эдгэрсэн. 105 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй бөгөөд 89-ийнх нь биеийн байдал хөнгөвтөр, 16 нь хүндэвтэр байна. 

Өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Бүгдийг нь ажиглах байранд тусгаарласан. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэж, ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийсэн. Гурвуулангийнх нь хариу сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг одоо хийж байна, хариу нь маргааш гарна.