Коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, охинтой боллоо. Түүнд хоёр удаа шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Өчигдөр нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторт хийсэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. 

Өчигдөр бид ОХУ-аас 300 гаруй сонсогч оюутнаа хүлээж авсан. Бүгдээс нь сорьц авч шинжилсэн, 18-аас нь коронавирус илэрлээ. Тусгай үүргийн онгоцонд суухдаа шинжилгээ хийлгэсэн байхыг бид шаардаж буй ч зарим улсад шинжилгээ хийлгэх боломжгүй байгаа. Энэ нь тухайн улсад нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой. 

Бидний ажиглаж буй туршлагаас үзэхэд 21 хоног тусгаарлан ажиглах нь маш зөв байна. 14 хоногийн дараах давтан шинжилгээгээр коронавирус илэрч байгаа нь үүнийг баталж буй. Ирсэн хүмүүст үргэлжлүүлэн давтан шинжилгээ хийнэ. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 132 хүн хяналт, ажиглалт, эмчилгээнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал тогтворжсон. Хоёр хүн гарах дөхсөн, таван шинжилгээний нэгэнд нь л вирус илэрч байгаа. Эдгээрээс бидний эмчилгээний тактик, үр дүн сайн байгаа нь харагдаж байна" хэмээлээ.

Улмаар манай улсад коронавирусийн нийт 61 тохиолдол бүртгэгдэж, 15 нь эдгэрээд байна. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн.