Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 02, 2023
Тавантолгойн ордын Баруун, Зүүн Цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа ажээ.
Ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тус үйлдвэрийг “Админерал” ХХК холбогдох дэд бүтцийн хамт барьж буйн зэрэгцээ барилга угсралтын ажилд Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж ажиллаж буй юм байна.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд төслийн үзүүлэх эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж албаныхан тооцжээ.
Тус үйлдвэр 4 модуль бүхий жилийн 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд Тавантолгойн ордын 8, 9, 10, 11, 12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна.
Нийт 150 хүн шууд ажлын байраар хангагдаж, ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах гээд олон давуу талтай аж.
Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулсан. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй юм. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл байх бөгөөд удирдлагуудын зүгээс энэхүү бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч буй ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.