Нүүрс тээвэрлэж буй жолооч нарт зөвшөөрөлгүй архи худалдаж буйг таслан зогсоохыг үүрэгдэв

Б.Баясгалан
04 сарын 21, 2019

Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хугацаатай Албан даалгавар гаргасан.

Энэ хүрээнд жолооч нарын хоол, хүнсний хангалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг зөвшөөрөлгүй худалдаж, үйлчилж байгааг таслан зогсоохыг холбогдох байгуулагын удирдлага, аймгийн Засаг даргад даалгажээ. Авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон байна. 

Мөн уурхайн гадна болон хилийн боомт, авто замд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэхгүйн тулд уурхайн ачилт, зөвшөөрлийн бичиг олголт, гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас нэг өдөрт хүлээн авах нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулахыг холбогдох дарга нарт даалгажээ. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Ганцмод боомтод байгуулах шаардлага, боломжийг судалж, ирэх зургаадугаар сарын нэгний дотор танилцуулахыг ГХ-ны сайд Д.Цогтбаатарт даалгасан байна.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.