Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын өнөөдөр нийтлэгдэж буй жилийн тоймоос харахад, одоогоор дэлхий даяар 488 сэтгүүлч, тэр дундаа 60 эмэгтэй сэтгүүлч хоригдож, 65 сэтгүүлч бусдын барьцаанд байна. Үүний зэрэгцээ, 2021 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо 46 байгаа нь сүүлийн 20 жилд бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт юм.


RSF 1995 онд жилийн тойм нийтэлж эхэлснээс хойш үүргээ гүйцэтгэж яваад баривчлагдсан сэтгүүлчдийн тоо ийм өндөр байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын дундуур RSF-ийн бүртгэснээр 488 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хоригдож байгаа нь өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 20 хувиар их байна.

Ийнхүү дур зоргоор баривчлах тохиолдол ихэссэн нь юуны түрүүнд 2021 оны 2 дугаар  сарын 1-ний өдөр төрийн эргэлт гарч, армийнхан төрийн эрхийг гартаа авсан Мьянмар, 2020 оны наймдугаар сард Александр Лукашенког маргаан дагуулан улиран сонгогдсоноос хойш томоохон хямрал нүүрлэсэн Беларусь, мөн нэгэн цагт хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих чиглэлээр бүс нутагтаа үлгэрлэж байсан засаг захиргааны онцгой бүс Хонгконгд хяналтаа чангатгаад буй Ши Жинпиний тэргүүлж буй Хятад зэрэг орнуудаас шалтгаалжээ.

 RSF урьд өмнө ийм олон эмэгтэй сэтгүүлчийг баривчилсан тохиолдол бүртгэж байсангүй.

Одоогийн байдлаар нийт 60 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэсний улмаас хоригдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гуравны нэгээр (33%) илүү байна. Тав дахь жилдээ дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг хорьсон Хятад улс мөн хамгийн олон буюу 19 эмэгтэй сэтгүүлчийг хорьсон. Тэдний дунд 2021 оны RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналт, өдгөө биеийн байдал маш хүнд буй Жан Жан байна. 


Беларусьт хоригдож буй эмэгтэй (17) сэтгүүлчийн тоо эрэгтэйчүүдээс (15) илүү байна. Тэдний дотор зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг сурвалжилсан хэргээр хоёр жилийн хорих ял авсан Польшид байрлалтай Беларусийн хараат бус "Belsat" телевизийн сурвалжлагч Дарья Чульцова, Катерина Андреева нар байна. Мьянмарт баривчлагдсан 53 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны ес нь эмэгтэйчүүд байна. 


RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар "Сэтгүүлчдийг дур мэдэн баривчлах үйл ажиллагааг дарангуйллын гурван дэглэмийн дор гүйцэтгэж байна" гээд, "Энэ бол дэлхий даяар дарангуйлагчдын эрх мэдэл хүчирхэгжиж, хямрал гүнзгийрэн, эдгээр дарангуйлагчдын үл хайрхах байдлын нөлөө юм. Энэ нь магадгүй авторитар дэглэмүүдийг дарангуйллаа хязгаарлахад хангалттай шахалт үзүүлэхгүй байгаа геополитикийн шинэ эрх мэдэл, нөлөөний үр дүн байх."


Энэ жилийн тоймд дурдсан бас нэг анхаарал татахуйц асуудал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо буурч 46-д хүрсэн явдал юм. 2003 онд уг үзүүлэлт буурсан ба 50 хүрэхгүй сэтгүүлч амь үрэгдсэн. Энэ жилийн хувьд Сири, Ирак, Йемен дэх зөрчил мөргөлдөөний эрч суларсан явдал, мөн сэтгүүлчдийг хамгаалахад чиглэсэн олон улсын болон үндэсний механизмыг хэрэгжүүлэхийн тулд RSF зэрэг хэвлэлийн эрх чөлөөний төлөөх байгууллагууд аян өрнүүлсэнтэй холбоотой.


Дээрх үзүүлэлт буурч байгаа боловч долоо хоногт дунджаар нэг сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж байна. RSF-ийн тогтоосноор, 2021 онд амь үрэгдсэн сэтгүүлчдийн 65% нь санаатай аллагын золиос болжээ. Хамгийн олон сэтгүүлч амь насаа алдсан орнуудад Мексик (7 сэтгүүлч), Афганистан (6 сэтгүүлч) улсууд дахин орж байна. Гуравдугаарт Йемен, Энэтхэг улс багтаж буй бөгөөд эдгээр улсад тус бүр дөрвөн сэтгүүлч амиа алджээ.


2021 оны тоймд дээрх тоо баримтаас гадна тухайн жилийн хамгийн ноцтой онцлох тохиолдлуудыг дурьдсан. Энэ жилийн хамгийн урт буюу 15 жилийн хорих ялыг Саудын Арабын Али Аболухом, Вьетнамын Фам Чи Дунг хоёрт оногдуулжээ. Камеруны Амаду Вамулке, Мароккод Али Анузла нарт хамгийн урт буюу "Кафкагийн" шүүх ажиллагаа явагдаж байна.\

Хоригдож буй сэтгүүлчдийн хамгийн ахмад нь Хонконгийн Жимми Лай (74 настай), Ираны Кайван Самими Бехбахани (73 настай) нар байна. 

Францын сэтгүүлч Оливье Дюбуа энэ онд хүнийг хулгайлах хэргийн хохирогч болсон цорын ганц гадаадын сэтгүүлч байв. Тэрээр дөрөвдүгээр сарын 8-наас хойш Мали улсад барьцаалагдаж байна. 


Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) 1995 оноос хойш жил болгон тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд цуглуулсан нарийвчилсан өгөгдөлд тулгуурлан сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар тойм бэлтгэн гаргадаг.