Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах нэг гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах төсөл. Энэ төслийн ажил эхлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй байна. Харин ч эсрэгээрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэд орох оронгүй болж, хохирсон жишээ олон.

Тухайлбал, 2014 онд БЗД-ийн Сансар хотхоны 85 өрхийн 600 гаруй хүн дахин төлөвлөлтөд хамрагджээ. Гэвч дахин төлөвлөлтийн ажил нь амжилтгүй болж, 8 жил орон байргүй явсны эцэст түр суурьшуулах байранд орсон байна. Энэ хугацаанд 85 өрх 47,3 сая төгрөгөөр хохирч, 15 хүн байраа хүлээх хооронд нас баржээ.

Энэ төслийг Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудайн Гранд лайн компани хэрэгжүүлж эхэлсэн ч бүтэлгүйтсэн. Төсөл хэрэгжиж эхлэх үед 10 настай байсан хүүхэд өнөөдөр 20 настай боллоо. Гэвч энэ асуудлыг шийдэж, анхаарч байгаа зүйл алга. Төрийн байгууллагад нь мэддэг хүн ч байхгүй байна гэдгийг Монголын Эмнести Интернейшнл ТББ-ын сургагч багш н.Оюунсүрэн онцолсон юм. 

Дахин төлөвлөлтийн төсөл эхлэхэд төр, төсөл хэрэгжүүлэгч, иргэд гурвалсан гэрээ байгуулдаг. Харин төсөл амжилтгүй болоход компани иргэн хоёр хоорондын маргаанаа хууль шүүхийн байгууллагаар шийдүүлнэ. Гэтэл төрийн зүгээс энд ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй байсаар иржээ. Товчоор хэлбэл, иргэн компани хоёрыг асуудлаа шийд гээд орхидог гэсэн үг. Ингээд эцэст нь иргэд хохироод, компанитайгаа шүүхдээд үлддэг дүр зураг харагдаж байна. 

Иймээс өнөөдөр “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Монголын Эмнести Интернейшнл ТББ хамтран “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” өглөөний уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтад “Отгонтэнгэр” их сургуулийн багш, хуульч Р.Очирбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баялагмаа нар мэдээлэл өглөө.

Уулзалтын эхэнд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн олон улсын эрх зүйн хамгаалалтын талаар Р.Очирбал ярьсан. 

Тэрээр иргэдийн орон байртай байх эрхийг олон улсын конвенцын дагуу хамгаалсан байдаг. Орон байртай байх эрх гэдэг нь зөвхөн тухайн газрын өмчлөгчтэй холбоотой эрх биш. Тэр газар олон жил амьдарсан иргэдийн эрх давхар яригдах ёстой. Олон улсын конвенцын дагуу бол төрөөс иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах боломж нөхцлөөр хангах үүрэг хүлээсэн гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл, төр иргэдийнхээ орон байртай байх эрхийг нь хамгаалж, хууль журмынхаа дагуу хамгаалах үүрэгтэй юм.

Гэтэл нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн төсөлд иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар тодорхой тусгаагүй байна. Эсрэгээрээ иргэдийн газрыг албадан авахад чиглэсэн зохицуулалт орж байна гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баялагмаа ярилаа. 


Тодруулбал, хуулийн төсөлд иргэдийн газрыг чөлөөлөх төрийн захиргааны байгууллага иргэн хоёр харилцан тохиролцохоор тусгасан. Ингэхдээ дахин төлөвлөлт хэрэгжүүлэх хэсэгт байгаа иргэдийн 65 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд ажлыг нь эхлүүлэхээр зохицуулсан байна. Өмнө нь 80 хувь байсан энэ заалтыг бууруулснаар газраа чөлөөлөхийг хүсээгүй иргэдийн өмчийг хүчээр авахад чиглэж байна гэдгийг хуульчид анхааруулж байгаа юм. 

Наанаа бол агаарын бохирдлыг бууруулж, нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн зорилготой ч эцсийн зорилго нь газрыг албадан чөлөөлөхөд чиглэсэн гэж үзэж байна.

Тэгвэл энэ нь өмнөх дахин төлөвлөлтийн үед гарсан алдааг дахин давтаж, иргэдийн эрхийг зөрчих шалтгаан болж мэдэх юм. Өмнө нь тухайн дахин төлөвлөлт хийх хэсгийн иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн ч үлдсэн 20 хувийнх нь эрх шууд зөрчигдөж байв. Тухайлбал, үлдсэн айлуудын халаалт дулаан, тогыг таслах зэрэг асуудал үүсдэг. Тэгвэл одоо энэ хувийг 65 болгож бууруулахаар төлөвлөж буй аж.

Уг нь төр өмнөх дахин төлөвлөлтийн үед гарсан алдаанаасаа суралцаж, иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаас нь бодлого, шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл газрыг нь “албадан” авахын төлөө явах нь шийдэл болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна.