Сүүлийн үед бид “Нийтийн эрх ашгийн төлөө” гэх хийсвэр бөгөөд уриалж, лоозогносон энэ үгийг их сонсох болсон. Яагаад ч юм нийтийн эрх ашгийн төлөө гэхээр хэн нэгэн дарга даамал, төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн захиргааны байгууллага миний эрх ашгийн төлөө л хэн нэгэнд сүр хүчийг үзүүлж их л мундаг ажил хийх нь дээ гэсэн төсөөлөл бууна. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө гэх сүржигнэл нь хэн нэгний эрх ашгийг уландаа гишгэж, эргээд нийтийнхээ эрх ашгийг зөрчиж эхэлдэг аж. Товчоор хэлбэл, бид өнөөдөр нийтийн эрх ашгийн төлөө хэн нэгнийг үзэн ядаж, эрхийг нь зөрчсөн бол маргааш таны ээлж ирнэ гэсэн үг. Ийм болохоор Ардчилсан нийгэмд нэг хүний эрхийг хамгаалах нь нийтийн эрх ашиг байх ёстой гэж ойлгож болох юм. 

Харин бид энэ соёлд хараахан суралцаагүй явна. Эсрэгээрээ эрхээ хамгаалж мэддэг, суралцсан нэгэн нь хамгийн их хохирч үлддэг харгис нийгмийг бүтээж байна. Үүнийг тодорхой харуулсан, цаашид ч олон дахин харуулж мэдэх бидний зайлшгүй анхаарах ёстой “нийтийн эрх ашгийн төлөө” гэх нэрээр нүүрээ халхалсан төсөл бол гэр хорооллын дахин төлөвлөлт.

Өнгөрсөн хугацаанд төрөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх компанид тавьж ирсэн нэг үндсэн шаардлага нь тухайн төсөл хэрэгжүүлэх хэсгийнхээ айл өрхийн 80 хувийнх нь дэмжлэгийг авчихвал барилгын ажлаа эхлүүлэхийг зөвшөөрнө гэсэн дүрэм. Тэгвэл үлдсэн 20 хувь нь яах вэ, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? Энэ тухай дахин төлөвлөлтийн дүрэм журамд тодорхой тусгасан заалт байхгүй бөгөөд “нийтийн эрх ашгийн төлөө” гэх нэрийн дор эрх нь зөрчигдөж, гадуурхагдаж үлддэг аж. Тодруулж хэлбэл, та 80 хувьд нь багтаж өөрийн өмчөө өгөхийг зөвшөөрөөгүй бол ойгүй шуналтай, амиа бодсон, нийтийн эрх ашгийг боддоггүй нэгэн болж хувирна. Ингээд энэ хүн л газраа чөлөөлөхгүй болохоор барилгын ажил эхлэх боломжгүй боллоо, ажил хойш татагдаж байна гэх зэргээр олон нийтийн дунд хагарал талцал бий болгож, дарамт шахалт үзүүлэх нь дахин төлөвлөлт хийдэг компаниудын хийж чаддаг гаршсан аргуудын нэг гэдгийг олон судалгаанаас харж болно.

Энэ бүхний эцэст  өөрийн эрхээ хамгаалж, газраа чөлөөлөлгүй үлдэнэ гэдэг амаргүй. Ийм амаргүй замыг сонгож, газраа хамгаалахын тулд 10 жил тэмцэж буй нэгэн бол Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн Д.Батдулам. 

Д.Батдулам: Би яагаад алгын чинээ газар дээрээ дэлгүүр бариад амьдарч болохгүй гэж

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн эхний төслүүдийн нэг бол Баянзүрх дүүргийн 14-р хороонд "Моннис урбан девелопмент" ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл. Нарантуул захын ард Цагаан хуаран хотхоны хойд хэсэгт байрлах энэ газар нь дэд бүтэц, байршил сайтай орон сууц барихад тохиромжтой байв. Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө Д.Батдулам энд хашааны газар худалдан авч, дөрвөн хүүхдэдээ зориулж, хоёр давхар амины орон сууц барихаар төлөвлөж байлаа. Ам бүл олонтой айлд нэг өрөө байрнаас илүү, халуун ам бүлээрээ амьдарч болох хувийн орон сууц гэдэг чухал. Иймээс "Моннис урбан девелопмент" ХХК-иас газрынх нь оронд нэг өрөө байр, грашийн хамт өгье гэдэг санал тавихад нь зөвшөөрөөгүй. Харин дараа нь "Моннис урбан девелопмент" ХХК-иас 60.64 м2 2 өрөө байр-2, дээр нь 9.4 сая төгрөг нэмж өгье гэсэн санал ирүүлсэн. Бид өөрсдөөс нь ирсэн энэ саналыг хүлээн зөвшөөрье гэсэн боловч гэрээ байгуулаагүй, нөхөн төлбөр ч олгоогүй өдийг хүрсэн гэлээ. 

“Моннис урбан девелопмент ХХК төсөл хэрэгжүүлэх талбайгаа хашаалахад дотор нь манай газар багтсан. Эзгүй байх хойгуур манай хашааг ковшоор түрээд бие засах газрыг хүртэл дарчихсан байсан. Үүнээс хойш хашаандаа орохын тулд барилгын манаачаас нь зөвшөөрөл авч ордог болсон. Амралтын өдөр очихоор ажлын өдөр ир гэнэ. Ийм байдлаас болж цагдаа дуудах тохиолдол ч гарч байлаа. Нэг удаа гэрээ нүүлгэж ирчихээд Нарантуул захаас гэрийн бүрээс юм аваад ирэх хооронд гэрийг минь ачаад явчихсан байсан. Ингээд БЗД-ийн цагдаад гомдол гаргаж гэрээ олж авсан чинь дарга нь “би зөвшөөрөлгүй юм оруулсан болохоор хураачих гээд хураалгасан юм” гэж байсан” хэмээн Д.Батдулам ярьж байна. 

Ийнхүү өөрийнхөө өмчид нэвтрэхийн тулд барилгын манаачаас зөвшөөрөл авдаг энэ байдал 10 жил үргэлжилж байна. Газар нь албан ёсоор тэдний өмч боловч “Моннис урбан девелопмент” ХХК-ийн  хэрэгжүүлж буй төслийн зурагт газрыг нь аль хэдийн ногоон байгууламж болгон төлөвлөжээ. Энэ асуудлаар АТГ болон бусад төрийн байгууллагуудад удаа дараа гомдол гаргасан боловч шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

Д.Батдулам: 

Надад дөрвөн хүүхэд байна. Би яагаад газар дээрээ алгын чинээ байшин бариад амьдарч болохгүй гэж. Би хүн ёсноос гажууд, хүний хүсдэггүй юм хүсээгүй. Би газрын эзэн байж эрхээ эдэлж чадахгүй байна. Би 10 жилийн өмнө санал болгосон үнээр чинь өгье гэхээр цемент, төмрийн үнэ өссөн гээд байгаа юм. Яагаад цементний үнэ, төмрийн үнэ, талхны үнэ, төмсний үнэ өсөөд байхад миний газрын үнэ буух ёстой юм бэ? Би тэрийг ойлгохгүй байгаа юм. Эсвэл одоо зураг төсөлдөө өөрчлөлт оруулж, миний газар байгаа хэсгийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгвэл би газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьж, үнэ цэнийг нь өсгөмөөр байна. Гэтэл өнөөдөр би өөрийн газар дээрээ барилга барихдаа “Моннис урбан девелопмент” ХХК-иас зөвшөөрөл авах болчихоод байгаа юм.

Төрийн бодлого тэгш бус байдлыг өөгшүүлж байна

Хэн ч байсан өөрийн өмчөө хэн нэгний хэлсэн үгээр шууд өгөхийг хүсэхгүй. Хоёр тал харилцан тохиролцож, үнээ шударгаар тогтоох ёстой. Гэтэл нэгэнт олонх иргэдийн саналыг авсан хувийн компани үлдсэн айлуудыг газраа өгвөл өг, байвал бай гэсэн байдлаар үл тоомсорлож ханддаг. Үүнийг төрийн бодлого, дүрэм журам нь өөгшүүлж байна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баялагмаа:

Барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авсан компаниуд тухайн айлын орц гарцыг нь хаагаад оруулахгүй байх тохиолдол гардаг. Ихэвчлэн олон нийтийн эрх ашиг гэх нэрээр цөөнхийн эрхийг зөрчдөг. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагад хандсан ч шалган шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна. 

Хохирогч Д.Батдулам:

Миний газар дээр төрөөс барилга барих зөвшөөрөл өгсөнд гомддог. Тэд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаасаа өмнө хүн ёсоор ханддаг байсан. Надтай газрын эзний ёсоор эрх тэгш харьцдаг байлаа. Гэтэл зөвшөөрлөө авангуутаа даам гараад газраа энэ үнээр өгвөл өг, байвал бай гэж ханддаг болсон. Ингээд газраа хүссэн үнээрээ харилцан тохиролцож, өгөх боломж нь хаагдчихаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, 80 хувь нь зөвшөөрсөн бол үлдсэн 20 хувь нь юу гэх нь хамаагүй гэх өрөөсгөл хандлага, өнгөрсөн хугацаанд олон иргэний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Гэвч төрийн бодлого үүнийг засах биш, улам дордуулахад чиглэж буй нь харамсалтай.

Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн төсөлд иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар тодорхой тусгаагүй байна. Эсрэгээрээ иргэдийн газрыг албадан авахад чиглэсэн зохицуулалт оржээ. Ингэхдээ дахин төлөвлөлт хэрэгжүүлэх хэсэгт байгаа иргэдийн 65 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төслийн ажлыг нь эхлүүлэхээр зохицуулсан байна. Өмнө нь 80 байсан энэ хувийг бууруулснаар газраа чөлөөлөхийг хүсээгүй иргэдийн өмчийг захиргааны аргаар албадан авах нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баялагмаа анхаарууллаа.

Өнгөн дээрээ түгжрэл бууруулах, орон сууцжуулах, нийтийн эрх ашгийг хамгаалах зэрэг “социалист” уриа лоозонтой. Гэвч үнэн хэрэгтээ хэн нэгний эрх ашиг хөндөгдөхөд түүнийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журам нь тодорхой бус. Өнөөдөр хэн нэгэн өөрийнхөө эрхийн төлөө 10 жил тэмцээд дийлэхгүй бол маргааш бидний ээлж ирнэ.