ЦУОШГ-аас гаргасан долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орно. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө  5-10 градус, Алтай, Хангайн уул бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй байгаа ба ихэнх нутгаар хүйтний эрч өмнөх өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тогтуун, ирэх өдрүүдэд сулрах төлөвтэй байна.

ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРЧ БОЛЗОШГҮЙ

Өнгөрөгч арав хоногт хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь,  Дундговь, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар 0.0-3.4 мм хүртэл оржээ.

Харин бусад нутгаар хур тунадас ороогүй ба олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн 90 орчим хувьд дунджаас бага, 10 орчим хувьд буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар дунджаас ахиу хур тунадас орсон байна.

Тэгвэл энэ сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа аж.

 


Эх сурвалж: ЦУОШГ