О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай

Жендер, хүний эрхийн зөрчилтэй холбоотой сэдвийг хөнддөг “Би нэг удаа” булангийнхаа шинэхэн дугаарт хувиараа бизнес эрхлэгч О.Хуланг урьж ярилцлаа. 

Би хөхний хорт хавдрын даван туулагч. Хорт хавдраа ялсны дараа олон жилийн мөрөөдөл болох Европыг тойрох аялалдаа гарсан юм. Европчууд их найрсаг, хүний эрхийг дээдэлдэг хүмүүс. Тиймээс ганцаараа аялахад айх аюулгүй, сэтгэл тайван байж чаддаг. 

Энэ аяллаа дуусгаад монголд ирж, шуудхан л байгалийн өнгө үзэмж цогцолсон Алтай таван богдыг зорьсон юм. Хорт хавдартай байхдаа өөрийн хүсэж мөрөөддөг зүйлсийг дараа гэж хойшлуулалгүйгээр хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛ БОЛГОСОН ХҮН ӨӨРӨӨ БУРУУТГАГДДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

Говь-Алтай аймагт ирлээ. Шарга суманд өвөө минь төрж өссөн. 3 жилийн өмнө бурхан болоход оршуулгад нь очиж чадаагүй учир нутагт нь ирснийх сүү өргөөд буцъя гэж бодсон юм.

Ингээд Алтай хот (Говь-Алтай аймгийн төв)-оос нэгэн таксины жолоочтой үнэ тохирон зорьсон газартаа саадгүй ирлээ. Харин буцах замд нөгөө жолооч ёс бус үйлдэл гаргаж, баруун аймгуудыг тойрох аяллаа дуусгаж чадалгүй буцсан юм.

60 гаруй насны тэр эрэгтэй засмал замд нийлэхийн өмнө “Ах нь ядраад байна, түр зогсоод тамхилж болох уу?” гэж асуухад нь дургүйцэлгүй зөвшөөрөв. Гэтэл гэнэтхэн л “За сайхан хүүхэнтэй Шарга сум орчихлоо, нэг үнсчих үү?” гэж асуухад нь би чихэндээ итгээгүй. Ингээд ч зогсохгүй замдаа хоёр удаа зогсож асуусан. Би тэр хүнтэй аль болох эелдэг харьцахыг хичээсэн ч эцэстээ уурлахаас өөр аргагүйд хүрэв. Харамсалтай нь тэр хүн огтоос ичиж санаа зовсон шинжгүй байсан.

Иймд үүнийг нуугаад өнгөрөх биш нийгэмд сэрэмжлүүлэх хэрэгтэй гэсэн үүднээс өөрийнхөө цахим хуудсанд болж өнгөрсөн үйл явдлыг бичсэн. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн хандлагыг хараад намайг хамгийн их эмзэглүүлсэн зүйл нь “Царай муутай юм байж үнсүүлчихгүй яасан юм бэ?” гэсэн байв. Иймэрхүү зүйлийг ил болгосноороо би өөрөө буруутан болж хувирсан. 

Хүн хүсээгүй л бол хэнийг ч хүчлэх ёсгүй шүү дээ!

Хүмүүсийн хохирогчийг буруутгадаг хандлагаас болоод ихэнх нь чимээгүй өнгөрчихдөг талтай юм байдаг.

Нөгөөтэйгүүр яг надтай ижил зүйл тохиолдсон олон хүн байсан. "Манай охин, хүүд яг ийм зүйл тохиолдсон" гээд олон эцэг эх холбогдсон. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ хувиараа таксинд суулгахгүй байх, албан ёсны байгууллага байсан ч машины дугаар, жолоочынх нь мэдээллийг харж, нягталж байгаарай гэж хэлмээр байна.  

Хүний эрхийн мэдрэмжгүй ёс зүйгүй үйлдлийг хараад дуугүй өнгөрч болохгүй шүү гэж бусдад уриалмаар байна. Хэрэв жаахан охид хөвгүүд эвгүй байдалд орчихсон байвал очиж хамгаалаарай, холбогдох газарт нь хэлж тусалдаг байгаарай.

Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.