УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Үйлдвэрийн авто болон төмөр замыг барьж дуусжээ. Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж.

Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц рүү шилжүүлэх, цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярилаа.

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолов. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирж ажиллах мэргэжилтнүүд саатсан нь бүтээн байгуулалтын ажилд саатал учруулж болзошгүй байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг ярилаа.

Тус үйлдвэрийн дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.  

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар ажиллаж байна.