"Сократус Старт-ап Студио"-ийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах системийн шийдэлд суурилсан хөтөлбөрт “Мазаалай” брэндийн автомашины шил арчигч шингэн, угаалгын хөөс үйлдвэрлэлийн гарааны бизнес хамрагдлаа. Сүүлийн 6 сарын хугацаанд тус инкубатор төвөөс 5 гарааны бизнес бизнесийн систем болох эхлэлээ тавьж, хөтөлбөрт хамрагдаад байгаа юм.


-"Сократус Старт-ап Студио"-той хамтарсан. Хамтрахын давуу талыг нь хэрхэн харж байна вэ?


-Хөтөлбөрт хамрагдсанаар бий болох олон давуу талыг олж харсан. Өмнө нь чухам юуг буруу хийж алдаа гаргаж зарим тохиолдолд бүтэлгүйтэж байснаа ойлгосон. Бизнесээ системтэйгээр оношилсноор бид алхам тутамд тулгарах, алдаа дутагдал, бэрхшээлийг засаж болох юм билээ.

Наад зах нь бид ийм бизнес хийнэ л гээд яваад байсан мөн чанартай компанийхаа зорилгыг хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй, компанид тулгараад байгаа асуудлынхаа суурь шалтгааныг тодорхойлж мэдэхгүй, зорилгодоо хүрэх тогтолцоогоо хэрхэн оновчтой бий болгохоо мэдэхгүй, бидний гаргаж байгаа шийдвэр, шийдлүүд хоорондоо уялдаагүй, цэгцгүй байсныг мэдэхгүй, бизнесээ ямар ангал руу түлхэж байгаагаа ч  мэдэхгүй, ерөнхийдөө урт хугацаанд тасралтгүй амжилттай ажиллах амин чухал сууриа тавиагүй л яваад байснаа олж харсан.

Одоо энэ бүх алдаагаа засах цэгцтэй эхлэх боломж бүрдэж байна. Хүнийг удирдаж, хүнээр ажил хийлгэнэ гэдэг маш хэцүү. Харин системийн шийдлийг байгууллагадаа нэвтрүүлсэнээр хүнийг удирдах биш нэг системд бүгд захирагдаад явдаг нь том давуу тал. 

Жишээ нь би өөрөө байхгүй байсан ч бидний ажил тасралтгүй үргэлжлээд явдаг тэр л системийг бий болгох боломжтой. Мөн бизнесийн хамтрагчид хоорондоо үл ойлголцсоноор тухайн бизнес багагүй алдагдалд ордогийг олон жишээнээс харсан. Хөтөлбөрт хамрагдснаар нэгдмэл зорилгын дор нэгдэж хэн нэгнийгээ хардаж сэрдэх зүйлгүй болохын зэрэгцээ олсон үр шим, үүргүүд багийн гишүүн бүрт тодорхой ойлгомжтой хувиарлагдах тогтолцоог барьж авах юм. Товчхондоо бизнесээ урт хугацаанд амжилттай удирдах маш олон шийдлүүдийг нэвтрүүлэх боломж бий болж байна.


-Танайх шил арчигч шингэнийг Монголын зах зээлд анхлан үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог. Яагаад энэ төрлийн бизнес эхлүүлэх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Бид компаниа 2016 онд байгуулсан. Бид авто угаалгын газруудын ашигласан усыг дахин боловсруулах төсөл дээр ажилласан. Энэ чиглэлээрээ авто угаалгын газруудтай ажиллан, уулзаж байхад угаалгын газрууд хөөсөө гадаадаас авдаг гэдгийг анзаарсан. Эндээс Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгааг олж харсан. 2018 оны 7 дугаар сараас үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Өвөл нь бид бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлт дээр ажиллаад өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн зах зээл дээр гаргаад байна. Манайх авто угаалгын газруудад түлхүү хэрэглэдэг гадна угаалгын хөөс болон автомашины шил арчигч шингэн үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлээд удаагүй байна. 


-Автомашины шил арчигч шингэний 90 орчим хувь нь ус гэсэн үнэн үү?

-Бид гаднаас ус импортолж авч байна шүү дээ. Усыг хэд дахин үнэтэй авч байгаагаас ялгаагүй.

Голдуу БНХАУ, Солонгосоос оруулж ирдэг юм билээ. Бид энэ төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаа анхдагч компани. Бид импортыг орлоод зогсохгүй экспортод гаргах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Одоогоор бид автомашины шил арчигч зуны болон өвлийн шингэнийг худалдаанд гаргасан. Мөн автомашины хөөсийг хоёр төрлөөр үйлдвэрлээд байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж 30 орчим болгохоор төлөвлөсөн.


-Бизнесээ эхлүүлэх анхны хөрөнгөө хэрхэн босгов, бүтэлгүйтэж байв уу?

-Мэдээж аливаа бизнес эхлүүлэхэд хамтран ажиллах багаа сонгох бас анхны хөрөнгө оруулалтаа босгох гээд бэрхшээлүүдтэй тулгардаг. Миний хувьд өмнө нь хийж байсан хувцасны наймаанаас олсон хуримтлалаараа энэхүү бизнесээ эхлүүлсэн. Хамтрагчдад маань үйлдвэрийн байр, оффис бэлэн байсан нь ажил эхлэхэд давуу тал болсон. Мэдээж бүтэлгүйтсэн. Жишээ нь автомашины шил арчигч өвлийн шингэн маань -40 градуст хөлдөхгүй байх ёстой. Гэвч туршилтын явцад хөлдөөд байсан учир нэлээн ноцолдсон. 


- Тэгэхээр бизнесийн салбараа сольсон байх нь ээ?

-Хаа нэг газраас бэлэн бүтээгдэхүүн авч ирээд Монголд худалдаалах нь тийм ч хэцүү ажил биш. Харин шинэ зүйлийг бүтээн бий болгох нь бидний зорилго байсан учир үйлдвэрлэлд хөрөнгө оруулж үнэ цэнийг бүтээхээр шийдсэн юм. “Монголд үйлдвэрлэв” гэсэн энэ үгийн цаана түүхий эд, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, туршилтууд, зөвшөөрөл, бичиг баримт, хүргэлт түгээлт, бас бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа хийх, хүний нөөцөө бүрдүүлэх, олон газруудтай уулзаж бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэг ажлууд өдөр тутам хийгдэж байдаг. Тиймээс энэ бүхнийг даван туулаад хэрэглэгчийн гар дээр очиж буй үндэсний брэндүүдээ дэмжээрэй гэж худалдан авагчиддаа уриалмаар байна. 


-Бүтээгдэхүүний үнэ ханшийг зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал?

-Зах зээл дээр 1,8 литр автомашины шил арчигч шингэн 4000 орчим төгрөгөөр зарагдаж байгаа бол манай бүтээгдэхүүн 2 литрийн савлагаатай хэрнээ импортын шингэнээс хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байна.

-Хэрэглэгчид хэр ам сайтай байна вэ?

-Манай бүтээгдэхүнийг авсан хүмүүс бүгд урмын үг хэлж байгаад баяртай байна. Бидний бүтээгдэхүүний давуу тал нь металл, резин болон будган гадаргууд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Автомашины шил арчигч резиний ашиглалтын хугацааг уртасгадаг. Цэвэрлэх чадвар маш сайн, бас спиртийн үнэргүйгээрээ давуу талтай.


-Яагаад заавал “Мазаалай” нэрийг бүтээгдэхүүндээ өгөхөөр болов?

-Бид нэр сонголт дээр нэлээн ярилцсан. Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй говийн баавгай устаж үгүй болох аюулд өртсөн энэ үед өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ дамжуулан анхаарал хандуулах санаа л даа. Улаан номд орсон мазаалай баавгайг хамгаалахад зөвхөн бид нар биш энэ бүтээгдэхүүнийг авч байгаа хүн болгон хувь нэмрээ оруулаасай гэсэндээ энэ нэрийг өгсөн. Бид “Мазаалай” хамгаалах санд бүтээгдэхүүн бүрээсээ 10 төгрөгийг хандивладаг. Шошгон дээрээ энэхүү тайлбараа бичсэн. Бид сар болгоныхоо борлуулалтыг тайлагнаад тэндээсээ хувиа тооцон өгдөг. 


Энэ төслийг анх эхлүүлсэн хамтрагчдаа ямар шалгуураар сонгосон бэ?

-Манай баг найзуудаасаа бүтсэн гэж хэлж болно. Нэг нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд хамт сурч байсан. Би Японд сураад найз Ганбат маань Хятадад суралцаад ирэхдээ саарал усны системийн ажилд хамтарч ажилласан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсний дараа дунд сургуульд хамт сурч байсан найзыгаа нэмж авсан. Өнөөдрөөс эхлээд "Сократус Старт-ап Студио"-ийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрт хамрагдсанаар дөрвүүлээ болж байна.