Гарааны бизнес эрхлэгчид эхлэлийн хөрөнгө оруулалт татсаар байна

Х.Оргил
07 сарын 01, 2020

Гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулан системийн шийдэлд суурилсан хөтөлбөрөөр бойжуулах замаар бизнесийн системийг хамтран бүтээдэг Сократус Студио ХХК-ийн гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрийн 5 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар шалгарсан гарааны бизнесүүд хөрөнгө оруулалтын гэрээгээ байгууллаа.

Тэд бол өхөөрдөм бяцхан нялх үрсэд зориулсан зөөлөн өлгий, нярайн хөгжлийн гажиг засах хэрэгсэл, ургийн буруу байрлал засдаг “Elephant Mom&Baby” брэндийн хэрэглэл урладаг Т.Тэгшжаргал, "Z" үеийнхэнийхээ эрмэлзэл, хэрэгцээ дээр суурилсан ганцаардахгүйгээр ганцаараа амьдрах боломжийг бүрдүүлэхRoomies UB бизнесийн санаачлагч С.Оюунсайхан нар юм.

"Сократус Студио" ХХК-ийн гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөр хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд 5 удаагийн сонгон шалгаруулалт явуулж нийт 200 орчим гарааны бизнес, бизнес санаанаас наймтай нь ийнхүү хөрөнгө оруулах замаар хамтран ажиллаж эхлээд байна. Сократус бойжуулах хөтөлбөрийн талаар Гүйцэтгэх захирал А.Мөнхцогоос тодрууллаа. 

-Танай хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүд амжилтанд хүрэх бүрэн боломжтой юу? Хэрэв тухайн бизнес амжилтгүй болбол...?

-Хэн нэгэнд нь байхгүй, эсвэл хийж чадахгүй зүйл нь нөгөөд нь байж гэмээн хамтран ажиллана шүү дээ. Нөөцийн солилцоо л байхгүй юу даа. Тиймээс манай хөтөлбөрт элсэхээр хандаж байгаа бизнесүүд биднийгээ сайтар судалж танин мэдсэн байх хэрэгтэй. Бизнесээ авч явахад юуг нь чадахгүй эсвэл юу дутагдаад байгаа юм. Бизнес эрхлэгч чухам юу хийхэд ямар нөөц дутагдаад байгаа талаар жагсаалтаа гаргаад зорилго зорилтоо тодорхойлох ёстой. Таны зорилгодоо хүрэхэд дутагдаад байгаа тэрхүү нөөц чинь бидэнд байвал хамгийн сайн хамтрагчид болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Гарааны бизнесийг олимпийн наадамд оролцох зорилготой тамирчин гэж үзье л дээ. Тэгвэл тухайн тамирчин чинь эхлээд эрүүл чийрэг биетэй байх ёстой доо, дараа нь нэг дүүрэг, бүсийн тэмцээнд түрүүлж өөрийнхөө нөөцийг харуулах хэрэгтэй дээ. Тэгж хэмээн шигшээ багт орох, том клубууд авч олимпийн тэмцээнд оролцдог. Сократус нь бидэнд байгаа нөөцөөр эхний жилдээ хамтраад тамирчнаа эрүүл биетэй болгоё буюу гарааны бизнесээ бизнесийн систем болгох ажлыг хийнэ, дараагийн жил нэг тэмцээнд түрүүлье буюу зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж өсөлтийг бий болгоё гэж байгаа юм. Дараа нь манай найз клубын эзэд буюу өсөлтийн шатны хөрөнгө оруулагчид байгаа тэд нар дээр очъё. 

-Өнгөрсөн хугацаанд танайх 8 гарааны бизнестэй хамтарч ажиллаж эхлээд байна гэсэн. Хэдий хэмжээний нөөц гаргаж байна вэ? 

-Сократус өөрийн хөрөнгөөр 2 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалтыг хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесүүдэд оруулахаар болсон. Мөн 2 гарааны бизнест 500 гаруй сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг босгож өгөөд байна. Одоо хөтөлбөрт элсэхээр хэлэлцээрийн шатанд явж байгаа 3 гарааны бизнес бий. Энд дуулгахад манайтай хамтран гарааны бизнест хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдад бидний үүд хаалга байнга нээлттэй шүү. Бид хөрөнгө оруулагчдын өмнө тухайн гарааны бизнесийг бүтэлгүйтэх шалтгааныг арилгах, эрсдлийг бууруулах амлалтыг өгч байгаа юм. 


-Танай хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүд амжилтанд хүрэх үү? Хэрэв тухайн бизнес амжилтгүй болбол танайх яах вэ?

-Бид таны бизнесийг өмнөөс тань хийгээд, эсвэл ид шид хэрэглээд супер бизнес болгоод өгөх гэж байгаа юм биш үү. Хамтран хэрэгжүүлнэ. Амжилт олон хүчин зүйлээс шалтгаална. Бид бизнес өөрөө өөрийгөө бүтэлгүйтэл рүү оруулдаг системийн дотоод шалтгаануудыг нь засварлаж өгч чадна гэдэгтээ 100 хувь баталгаа өгч чадна. 

Хэрэв таны сэтгэлгээ цэгцтэй байвал хамтдаа бүтэлгүйтлийг 99% бууруулж чадна. 

Бид нэг талаараа хөрөнгө оруулагчид. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын эрсдлийг бид сайтар ухаарч байгаа. Аливаа эрсдлээ бид бүрэн хариуцна. Амжилтгүй болох тал дээр ч бэлтгэлтэй байгаа. Амжилтгүй болбол юунд алдав гээд алдаагаа олж дүгнэлтээ хийгээд эв найртайгаар 2 тийш болно доо эсвэл алдаагаа засаад дахин үзнэ. Бид ирэх намар гадаадад суугаа Монголчуудынхаа дунд сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна.


Т.Тэгшжаргал: Монголд үйлдвэрлэсэн нярайн өлгий, ургийн буруу байрлал засдаг хэрэглэлүүдээ гадны зах зээлд гаргахыг мөрөөддөг

“Elephant Mom&Baby” брэндийн үүсгэн байгуулагч Т.Тэгшжаргал тус хөтөлбөрөөс хөрөнгө оруулалт аваад байгаа юм. Түүнээс бизнесийнх нь талаар тодрууллаа.

-Анх бизнес санаагаа хэрхэн олсон вэ? 

-Хөл хүнд байхдаа ээжүүдийн туулдаг бэрхшээлүүдийг мэдэрсэн тэгээд анх өөртөө зориулж шар будаатай, халуун оргиулж хөөрүүлдэггүй П хэлбэрийн жирэмсний дэр хийсэн. Анхны бүтээлдээ урамшаад шинэ хүнээ мэндлэхээс өмнө өлгий даавуу эрж явахдаа цэвэр даавуун материалтай нярайд зориулсан хэрэгсэл ховор байдгийг анзаарсан юм. Тэгээд нярай хүүхэд, жирэмсэн эхчүүдэд зориулсан тухайлсан бүтээгдэхүүн урлаж үзье шийдсэн. Үйлдвэрлэлээ өргөтгөх, хувь хүний урлангаас бизнес рүү орохоор зориглон Сократусын хөтөлбөрт элсэхээр шалгаруулалтад орсон. Тэнцэж хамтран ажиллахаар болсондоо баяртай байна. Бидний хувьд түүхий эд материалаа ахиухан татаж их хэмжээгээр үйлдвэрлэх л төсөөлөлтэй байсан бол Сократусын менторууд, баг хамт олонтой уулзснаар бид 2 чинь хоёулханаа биш нэг л том компани болчихсон юм шиг мэдрэмж төрж байна. Бизнесээ харах өнцөг, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх маш олон санаанууд ярилцаж, төлөвлөгөөтэй ч боллоо. Анх учраа олохгүй сандарчбайсан бол одоо итгэл үнэмшил маань бүр ч нэмэгдсэн. Гадны зах зээлд ч бүтээгдэхүүнээ гаргая гэсэн бодлыг тээх болсон шүү.  

Elephant Mom&Baby Mongolian Brand

-Жирэмсний дэр зөвхөн ээжүүдэд туслаад зогсохгүй ургийн буруу байрлалыг засдаг гэж сонссон. Шинжлэх ухааны хувьд боломжтой юу?


-Эх буруу хэвтдэг бол хүүхэд дагаад буруу байрлах магадлалтай. Ээжийн буруу суух дадал хүртэл ургийн байрлалд нөлөөлдөг юм билээ. Энэ талаар хамтрагч эмч найз маань судласан, би өөр дээрээ ч туршиж мэдэрсэн. П хэлбэрийн өөртөө эвтэйхэн дэр хийж хэрэглээд сарын дараа ЭХО-д үзүүлэхэд хүүхэд маань зөв байрлалд орчихсон байсан шүү. Тонус өгдөг ээжүүдэд бүр ч тустай. Би ОХУ-ын Воронеж хотын их сургуульд дөрвөн жил суралцсан. Тэнд байх хугацаандаа орос ээжүүд энэ тал дээр хэрхэн анхаардагийг анзаарч байсан.

Elephant Mom&Baby Mongolian Brand

-Анхны бүтээгдэхүүний захиалгыг хэзээ авч байв?

-Ээжүүдийн фэйсбүүк группэд зар тавьтал нэг бүсгүй дутуу төрсөн нярайдаа зориулж зөөлөн ор хийх захиалга өгсөн. Хэдийгээр зоригтойгоор захиалга авсан ч дотроо захиалагчид маань таалагдах болов уу гэж маш их түгшсэн шүү. Анхны зөөлөн ор маань тэр ээжид таалагдаад зогсохгүй хүүхдээ асрахад тус дэм болсон юм билээ. Хүүхдэд минь тухтай, шар будаатай дэр нь тархины даралтгүй болгосон, би ч бүтэн нойртой хонодог болсон гэж хэлсэн. Бас тэр тухайгаа өөрийн хөтөлдөг фэйсбүүк хуудастаа бичсэн нь ар араасаа олон захиалга дагуулсан.


-Танай бүтээгдэхүүн Монголд зарагдаж буй ижил төрлийн нярайн хэрэгслээс юугаараа давуу талтай вэ?

-Хамгийн гол нь цэвэр хөвөн даавуун материалаар бүтээгдэхүүнээ хийдэг. Тийм учраас хүүхдийн арьс биед ямар нэгэн харшил улайлт өгөхгүй. Түүхий эд материал маань хүүхдэд зориулагдсан олон улсын чанарын стандартыг хангасан гэдгээрээ давуу талтай. Бид нярайн орны доторх чигжээсийг хүртэл хамгийн сүүлийн үеийн халуун оргиулж хөөрүүлдэггүй, амьсгалдаг материалыг сонгож хэрэглэж байна. Мөн эмч найз маань хүүхдийн болон жирэмсэн эхчүүдийн хэрэглэл дээрээ ургийн хөгжил, нярайн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажил хийдэг. Энэ дээрээ үндэслэж бид загвараа гаргадаг.

Бизнесээ хийж урагшлуулах урам зоригоо авдаг зүйл тань юу вэ?

-Дандаа сайн, хамгийн мундаг нь байна гэж юу байх уу. Заримдаа багахан шүүмжлэл ирвэл тэр болгоноо засаж сайжруулж суралцаж явна. Ээжүүдийн танай бүтээгдэхүүн надад, хүүхдэд маань тус болж байна гэсэн үг, нярай хүүхдийн бүтээгдэхүүн урлаад түүн дээр маань бяцхан үрс торниж байна гэж төсөөлөх үнэхээр том сэтгэлийн жаргал, урам байдаг даа. 


С.Оюунсайхан: Та зөвхөн үүргэвчтэй, чемодантайгаа хүрээд ирээрэй, бусад нь энд бий

Z үеийн төлөөлөл С.Оюунсайхан 21 настай. Тэрбээр Roomies Сo-living бизнес санаагаа торниулж Сократусын бизнес санаа бойжуулах хөтөлбөрт хамрагдаж хөрөнгө оруулалт татсан гарааны бизнес эрхлэгчдийн нэг. Түүнтэй хэдхэн хором ярилцлаа.

-Сократусын бизнес санаа бойжуулах хөтөлбөрт хамрагдаж санаагаа боловсронгуй болгох ажлыг сүүлийн 3 сарын хугацаанд гүйцэтгэж, одоо зах зээлд туршиж үзэх хөрөнгө оруулалтыг татаж байгаад баяр хүргэе. Dизнес санаагаараа ямар асуудлыг шийдэхийг зорьсон вэ? 

- Би өөрөө орон нутгийн оюутны хувьд хотод ирж амьдрахын тулд амаргүй асуудалтай тулгарсан. Дотуур байранд, байр эсвэл хажуу өрөө түрээслэн амьдрахаас илүү тухтай хямд өртөгтэйгээр үе тэнгийнхэнтэйгээ хамтран амьдрах боломжийг эрэлхийлж байгаад үе тэнгийнхээ залуустай хамтран залууст тусгаар хүн болж бие даан өөрийгөө танин мэдэн, өөрсдийн орон зайгаа бий болгоход нь туслах Roomies Сo-living бизнес санаагаа олсон. 

Олон улсын судалгаагаар хүн тогтмол орлогынхоо 30 хувийг амьдрах орон байрны төлбөртөө зарцуулдаг гэсэн тооцоо бий. Монголд үүнийг авч үзвэл өөр дүр зураг гарна. Жишээ нь 1,3 сая төгрөгийг цалинтай дундаж менежер гэхэд 300-400 төгрөгийг амьдрах байрны түрээсэндээ зарцуулах боломжтой гэсэн үг.  Гэтэл Улаанбаатар хотод нэг өрөө байрны түрээсийн төлбөр хамгийн багадаа 500 мянган төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр нэмээд тог цахилгаан, байр усны төлбөрөө төлдөг. Гэтэл байргүй залуусын хувьд нийт орлогынхоо 50 хувийг орон байрандаа зарцуулна гэдэг амар биш үү дээ. 


-Рүүмист амьдрахын давуу тал юу вэ?

-Залууст бие дааж, өөрийгөө танин мэдэхэд туслана гэдэгт итгэлтэй байна. Өөр өөрийн гэсэн хамааралгүй хувийн орон зайтай. Дундын хэрэглээний номын сан, гал тогоо, хооллох хэсэгтэй, хүний хэрэгцээний тавилга эд зүйл бүгдийг багтаасан. Дундын хэсэгт хүмүүстэй харилцах, ярилцах, нөхөрсөг байх боломжийг олгож шийдсэн. 

Хүн ер нь ганцаараа амьдрахаар ганцаарддаг шүү дээ. Харин Рүүмист амьдардах бол ганцаардахгүйгээр ганцаараа амьдрах боломжтой гэдгээрээ давуу талтай. Хүн суурь хэрэгцээгээ нөөцийн хэмнэлттэй ханган амьдрах боломжтой буюу тав тух, эрүүл ахуй, аюулгүй байдал, хийж бүтээх, оролцох, өөрийгөө илэрхийлэх гэх мэт хэрэгцээгээ хангах боломжтой байхаар шийдэж байгаа. 

Та зөвхөн үүргэвчтэй, чемодантай хувцастайгаа ирэхэд л болно. Цагаа хичээлдээ, ажилдаа л анхаарлаа хандуулахад зарцуулаарай. 


-Орон нутгаас ирсэн оюутнууд, ажиллаж байгаа залууст илүү тохиромжтой байх нь ээ?

-Тийм л гэхдээ оюутан гэлтгүй их сургуулиа төгсчихсөн хэрнээ эцэг эхтэйгээ хамт амьдардаг залуус байдаг. Манай үеийнхний хувьд яг л тулгараад байгаа асуудал энэ. Ер нь 20 гарсан бидний хувьд эцэг эхтэйгээ амьдрахаас илүү хувь хүний хувьд өөрийгөө, дотоод хүнээ танин мэдэхэд тусдаа амьдрал маш их тусладаг. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдийнхээ бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Учир нь тэд хэдийнээ насанд хүрсэн, өөрөө өөрийгөө хянах чадвартай бие хүн болсон учраас. Үнэндээ өөрийгөө танин мэдэхгүй явж байгаад л хэн нэгэнтэй танилцаж яаран амьдрал үүсгэх нь салалтын олон шалтгааны нэг юм шиг санагддаг. Эцэг эхчүүдийн хувьд хаана амьдруулах, аюулгүй байдал хамгийн том асуудал байдаг.


-Олон улсад энэ төрлийн амьдралын хэв маягаар амьдардаг залуус олон байдаг. Тэднээс юугаараа ялгаатай вэ?

-Энэ төрлийн бизнес гадны оронд түгээмэл байдаг. Гэхдээ бидний эрхлэх төрлөөс өөр хэлбэрээр хөгжсөн. Тухайлбал гадны компаниуд голдуу нэг барилгыг тэр чигээр нь аваад өрөөгөө түрээслүүлдэг. Гал тогоо, фитнес нь тус бүр нь нэг давхрыг эзэлдэг юм билээ. Манайх бол 4-10 хүнтэй хамт амьдрах шийдэлтэй байрууд байна. Дахиад хэлэхэд хэдийгээр хамт амьдрах ч өөр өөрийн хувийн орон зайтай байх юм. Ирэх намар эхний байраа ашиглалтад оруулна.


-Цаашид бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?

-Интернетийн хөгжилтэй зэрэгцэн өсөж дэвшсэн шинэ үеийнхэнд энэ бол шинэ боломж. Бизнесийн хувьд гадны орнуудад Сo-living апартмент хөгжиж том зочид буудлууд болчихсон байдаг. Бидний хувьд бизнесийн загвар нь өөр учраас гадагшаа бизнесийн загвараа зарах боломж бий. “Сократус Студио” ХХК-ийн гарааны бизнесийг санааг бойжуулах хөтөлбөрт хамрагдсандаа бид том хаалгыг нээж чадсан. 

Би 2 найзын хамт энэ бизнес санааг сэдсэн ч одоо Гүнд Инвестмент Холдингийн төсөл юм шиг л олуулаа болсон. Миний хувьд бизнес санаагаа хэрэгжүүлэх үнэхээр амархан төсөөлөгдөж байсан.

Санаагаа боловсруулах үе шатанд олон ч удаа хэлэлцүүлгээр буцаж олон ч шөнө нойргүй суусан даа. Энэ бүхний эцэст бид бизнес санаа бус жинхэнэ бизнес болох төсөөлөл зорилгоо гаргаж авсан байдаг. Миний үеийн гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуус байвал зорилгоосоо бүү няцаарай. Бид асуудлыг маш өнгөц харж байна. Бизнест учирах саад, бэрхшээл, асуудлыг тодорхойлж шийдэх арга замаа танин мэдэхгүй хөөрлөөр хийдэг юм байна. Энэ нь биднийг хамгийн том бүтэлгүйтлийн ангал руу түлэхдэг гэдийг ойлгосон.


Баярлалаа. Та бүхний бизнест амжилт хүсье.


Холбоотой сэдвүүд

гарааны бизнес сократус

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.