“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нь залуучуудад судалгаа, шинжилгээний арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор анх 1992 онд байгуулагдсан юм. Тус байгууллага нь “Танин мэдэх аргачлалд суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ цэгцлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар хамтран үнэ цэнэ бүтээдэг талбар байна” гэсэн зорилгынхоо хүрээнд судлаачидтай хамтран нийгмийн тулгамдсан асуудлуудад шийдэл санал болгох судалгаа хийх, залууст логикийн болон цэгцтэй сэтгэхүйн сургалт, эрдэм шинжилгээний бага хурал, ойлголт нэгтгэх танхимын болон онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон талын үйл ажиллагааг тогтвортой явуулж байна

“ЗСДС” ТББ нь 2020 оны 8-р сарын 24-ны өдрөөс 10-р сарын 30-г хүртэл нийт 2 сарын хугацаанд “Сократус Стартап Студио”-ийн санаачлагаар нийгмийн нэгж системийн инженерчлэлийн аргачлалыг ашиглан “Гарааны бизнесийн экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааг салбар бүрийн төлөөлөл нийт 16 судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгээд байна. Тус судалгаанд “ТУС Солюшн” ХХК арга зүйн зөвлөхөөр, “Маххони Лиотта” ХХК хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан байна. Энэхүү судалгааны багийн судлаачдын төлөөлөл О.Номуншүр нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд санхүүгийн удирдлага мэргэжлээр 3-р курст суралцаж буй. ЗСДС ТББ-ийн 2 судалгаанд ажилласан юм.


-“Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгаанд оролцох болсон зорилго юу байсан вэ? 

-Анх судалгааны зорилгыг тулгарч буй тодорхой нэг асуудлын шийдлийг олох гэж боддог байсан. Харин одоо бол судалгаа нь дан ганц шийдэл олох зорилготой бус өөрт байгаа мэдлэгээ ашиглаж, шинэ мэдлэг бүтээх түүгээрээ өөртөө ч болон бусдад  үнэ цэн бүтээх зорилготой ажил юм гэдгийг ойлгосон. Тиймдээ ч судалгааны ажлыг хийж байгаа л бол үр дүн нь хүмүүст үнэ цэнтэй байлгахыг зорьдог болсон. 



-Судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай вэ?

-Судалгаанд ашигласан системийн инженерчлэлийн арга бол нийгэм дээрх маш нарийн, төвөгтэй олон системүүдийг бүхэлчлэн харж хооронд нь уялдуулах замаар логикийн зөрчилгүй зорилгоо хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийг бүтээхийг зорьдог. Миний хувьд энэ аргачлалыг нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх 2 ч судалгаан дээр ашигласны хувьд оновчтой байсан гэж дүгнэнэ. Нийгмийн нарийн төвөгтэй олон асуудлуудыг системийн инженерчлэлийн аргаар шийдэх боломжтой байгаа нь хамгийн том давуу тал гэж бодож байна. 


-Судалгааны үр дүн нийгэмд ямар үнэ цэн бүтээнэ гэж бодож байна вэ?

-Хэн ч инновацийг санаачилж, үнэ цэнтэй шийдэл бүтээх боломжтойгоос гадна гарааны бизнесээ хөгжүүлэхэд цахиурын хөндий явах шаардлагагүй, Монголд ч гарааны бизнесийг дэмждэг экосистем  бүрэлдэх боломжтой гэдгийг судалгаа маань баталсан.

 Энэ нь хамгийн том амжилт гэж бодож байна. Харин цаашдаа “Инновацийг дэмждэг үндэсний экосистем”, “Инновацийг дэмждэг орон нутгийн экосистем”-ийн жишиг загварыг боловсруулах шаардлагатай юм. 

-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан бол дурдаач?

- Судлаач Д.Жаргалсайхан “Судлаач хүн бол өмнө нь хэний ч явж байгаагүй замаар явдаг хүн шүү” гэж. Бидэнд мэдэхгүй, тодорхойлж чадахгүй асуудал гарч гацсан үе байсан ч бид судалсаар, маш олон хэлэлцүүлэг хийсний үр дүнд судалгааныхаа үр дүнг гаргаж чадсан. 

Тухайлбал судалгааны багийн гишүүд эхэндээ гарааны бизнесийг дэмждэг экосистемийг Монгол Улсын хэмжээнд нэг л түвшний жишиг загвар гаргана гэж бодож байсан. Гэтэл бид судлах явцдаа гарааны бизнесийг дэмждэг экосистем бол дэд системүүдээс бүрдсэн нийлмэл систем юм байна гэдгийг танин мэдсэн. Мөн судалгааны гол үр дүнгүүд болох суурь ойлголтуудаа тодорхойлохдоо маш олон, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөж хүлээн авч эцсийн томьёоллоо гаргасан. 

-Судалгаанаас сурсан зүйлээ дурдахгүй юу? 

-Мэдээж юун түрүүнд судалгаандаа ашигласан системийн инженерчлэлийн аргачлалд суралцаад явж байна. Үүнээс гадна ЗСДС-аас судалгаанд ажиллаж байгаа судлаачдадаа логикийн сургалт, системийн сэтгэлгээний сургалтуудыг ордог. Анх системийн сэтгэлгээ гэж юу болох талаар нэгдсэн, цэгцтэй ойлголтгүй байсан. Одоо бол өөрийн гэсэн ойлголттой болчихсон, хэлэх гэж буй санаагаа нухацтай бодож, бусдын хэлсэнд ч шууд автахгүйгээр цензуртай хүлээж авдаг болсон гэж боддог.

Мөн үүнийгээ цаашдаа гүнзгийрүүлэн судлах зорилго тээчихсэн л явж байна даа. Түүнчлэн миний хувьд салбар бүрийн мундаг хүмүүстэй нэг баг болон ажилласан.

Өөр өөр мэргэжилтэй, нас, хүйсийн хувьд ч ялгаатай хүмүүсийн харах өнцөг янз бүр байсан нь аливааг олон өнцгөөс харж эргэцүүлэх чадварт суралцуулсан гэж боддог. 



Цаг заваа гарган судалгааны ажлынхаа талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа, цаашдын ажил, амьдралд тань амжилт хүсье.