Монгол Улсын Еөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцэж байгаа юм.

Чуулга уулзалтын эхний өдөр (2023.06.26) Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон. 

Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн юм.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ.

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Дэлхийн банкны судалгаагаар, эрчимтэй хөгжиж буй орнуудын хувьд дунджаар 10 ажлын байр тутмын 7-г нь бичил, жижиг дунд үйлдвэрлэгчид бий болгож, тэдгээр улс орнуудын үндэсний нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байна

Цаашлаад 2030 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангахад нийтдээ 600 сая шинэ ажлын байр бий болгох шаардлагатай гэсэн тооцоо гарч, улс орнуудын бодлогын тэргүүлэх чиглэл нь бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал болоод байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, бараа үйлчилгээний нийлүүлэлт, өртгийн сүлжээнд өмнө байгаагүй сорилт бэрхшээл учраад байна. Нэн ялангуяа далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад дээрх хүндрэл бэрхшээл илүү хүчтэй мэдрэгдэж, илүү их зардал, хохирол амссан.  

Тиймээс хүн төрөлхтөн цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон хүнд сорилт бэрхшээлтэй нүүр тулсан нэн хариуцлагатай цаг үед байна. 

Энэхүү 20 дахь удаагийн Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, цахим, тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох, улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүд, гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал болж байна” гэж онцолсон юм. 

Энэхүү чуулга уулзалтаар Стратегийн дахин глобальчлал (даяарчлал) гэсэн шинэ нэр томъёо бүхий ухагдахуун гарч ирснийг хэлэлцэв. Сенегал улсын “GAINDE 2000” компанийн гүйцэтгэх захирал Ибрахима Нур Эддин Диагнэ “Энэ нь өмнө нь дэлхийг тойрон хийдэг байсан уламжлалт худалдааг тээвэр-логистикийн жижигрүүлсэн эко систем болгож, энэ хүрээндээ ойр орчмынхоо бүс нутгийн орнуудтай худалдааг эрчимтэй хийх гэсэн худалдаанд гарч буй шинэ өөрчлөлт юм” гэж тодотголоо.

ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрш, их гүрний дунд байрладаг Монгол Улс тээвэр-ложистик болон худалдааны сүлжээгээ эрчимжүүлж чадвал, мөн Монгол Улсын хувьд худалдааны түншүүд хүчирхэг байдаг давуу талыг ашиглаваас ихээхэн боломж гарч ирэхийг онцолсон юм.

Чуулга уулзалтаар хэлэлцсэн бас нэг чухал сэдэв нь Ногоон худалдан авалтын тухай байв. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээл дээр тэргүүлдэг орны нэг. Мөн ХАА-н органик бүтээгдэхүүнийн экспорт хийх боломжтой. Өнөөгийн дэлхий дахин, ялангуяа Европын холбооны улсууд болон Японд органик бүтээгдэхүүнийг импортоор худалдан авах байнгын сонирхолтой болж буй энэ цаг үед Монгол Улсад органик бүтээгдэхүүнээ өндөр үнэ цэнтэй болгон хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь том боломж авчирна.

Тиймээс органик фермийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага тавигдаж буйг хөндлөө. Үүнд Монгол Улсаас гадагш экспортлох бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх явдал чухал байна. Олон Улсын Худалдааны төв энэ асуудалд анхаарч, дэмжин ажиллаж буйг уулзалт хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэв.

Ногоон худалдан авалтын хүрээнд олон улсад шинэ бодлогууд бий болж буйг өнөөдрийн уулзалтаар мөн онцлон ярилцсан юм. Тодруулбал, АНУ болон Европ холбооны орнууд ногоон технологиор үйлдвэрлэн бий болгосон бүтээгдэхүүнийг экспортоор авахыг эрхэмлэх болжээ. Эсрэгээрээ байгаль орчинд хор хохиролтой арга замаар бүтээсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх зарчмыг баримталж, энэ талын хориг тогтоосон захирамжуудыг гаргаад буй жишээг дурдлаа. Энэхүү нөхцөл байдал нь худалдааны хуучин арга замыг өөрчилж, дэлхийн худалдааны ирээдүйн чиг хандлагад нөлөөлж байгаа аж.

Монгол Улсын дараагийн том боломж тогтвортой аялал жуулчлал юм гэдгийг өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээр онцлов. Баялаг түүх, соёл, нүүдлийн соёл иргэншлийн ахуй байдлыг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж сурталчлахад Монголын хүчирхэг брэнд болох боломжтой олон зүйл байгааг тодотгож байв. Ингэхийн тулд юу хийх ёстой гэсэн асуулт ч тавигдаж байлаа. 

Юуны өмнө Монгол Улс цахим худалдааны сүлжээгээ хөгжүүлэх учиртай. Ингэснээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт ч дараагийн нэг том боломж гарч ирэхийг хөндөв.

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт өнөөдөр (2023.06.28) “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны “SheTrades” сүлжээнд холбох нь”, “Дотоод инновацыг ашиглан цахим өөрчлөлтийг эрчимжүүлэх нь”, “Ногоон худалдаа руу шилжих санхүүгийн хүртээмж” зэрэг сэдвээр үргэлжилнэ. Мөн олон улсын “SheTrades” төвийн Монгол Улс дахь салбар төвийн нээлт болно. Энэ нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор санаачилсан олон улсын хөтөлбөр юм.