Оюуны Өмчийн Газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяртай оюуны өмчийн асуудлаар ярилцлаа.

Кино, концертын бичлэг татаж, нийгмийн сүлжээнд шэйр хийвэл хуулийн хариуцлага хүлээдэг

Таалагдсан клип, кино, концертын хэсгээс болон бүтнээр нь нийгмийн сүлжээнд цацвал хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг дийлэнх иргэд мэддэггүй. Манай иргэдийн хувьд энэ төрлийн зөрчлийн талаарх ойлголт тун тааруухан. Ялангуяа цахим орчинд оюуны өмчийн зөрчил хамгийн их гарч байна. Тэр дундаа зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр кино, концерт зэрэг дүрс бичлэгийг хуулбарлаж тавих явдал хэрээс хэтэрсэн гэдгийг онцлон хэлье.

Уг нь манай улс оюуны өмчийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт сайтайд тооцогддог. Гэвч иргэдийн хувьд бусдын оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэх соёл, хандлага төдийлөн төлөвшөөгүй.

Зарим иргэд хууль тогтоомж мэдэхгүйгээс алддаг бол нөгөө талд цахим сүлжээнд хандалт авах, ашиг орлого олох зорилгоор тухайн бүтээлийг нийгмийн сүлжээнд цацаж байгаа нь нууц биш. Энэ төрлийн зөрчил гаргасан хүмүүс голдуу хуурамч нэр хаягаар бүртгүүлж цахимд ханддаг. Тиймээс цахим хулгай хийлээ ч баригдахгүй гэж эндүүрдэг тал бий. Технологи хөгжсөн өнөө үед хэн, хаанаас, ямар постыг хэзээ хийсэн бэ гэдгийг нь IP хаягаар нь дамжуулан барьж хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой болсон шүү дээ. Тэгэхээр та “Үзэх гэж байсан кино интернэтэд тавигдчихаж. Үзээрэй” гэж өөрийнхөө сэтгэгдлийг бичээд хуулбарлан олон нийтэд түгээх эрхгүй гэсэн үг. Ингэснээрээ та ч бас оюуны өмчийн зөрчил гаргаж байгаа хэрэг. Магадгүй асуудал гарлаа гэхэд “Бусдаас хуулбарлаж тавьсан”, “Би зүгээр л шэйр хийсэн” гэж тайлбарлалаа ч хуулийн хариуцлагаас мултрах шалтгаан болохгүйг мэдээд аваарай.  

Дээрх байдлаар хууль зөрчсөн тохиолдолд иргэн 500 мянган төгрөг, ААН 5 хүртэлх сая төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх хуулийн зохицуулалттай. Тоо баримтаас үзэхэд зохиогчийн эрхтэй холбоотой зөрчил дундаас хамгийн их нь буюу 70 орчим хувийг цахим орчин дахь оюуны өмчийн зөрчил эзэлж байна. 

Санаа зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй

Оюуны өмч үндсэн хоёр салбартай хүмүүс . Нэг нь аж үйлдвэр өмчийн салбар юм. Аж үйлдвэрийн өмчийн салбарт заавал гэрчилгээ авч байж тэрхүү зохиогчийн эрх нь баталгаажиж бүтээл нь хамгаалагддаг.
Үүнд техник технологи, арга хэрэгсэл, бүтээгдэхүүний гадаад хэлбэр дүрстэй холбоотой шинэ шийдлүүд, барааны тэмдэг буюу лого, өөрийнхөө барааг бусдын бараа үйлчилгээнээс ялгахын тулд авч байгаа нэр, дүрс, үнэр зэрэг хамаарна.

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, харин барааны тэмдэг, газарзүйн заалт, ашигтай загвар зэрэгт гэрчилгээ авдаг.

Тухайн хүн бүтээл, шинэ арга технологи гаргасан бол Оюуны Өмчийн Газарт хандах ёстой. Ингэснээр мэргэжлийн шинжээчид ажиллаж албан ёсоор патент, гэрчилгээ авч, авсан өдрөөс нь эхлээд зохиогчийн эрх хамгаалагдаж эхэлдэг. Apple брэндийн лого гэхэд шинэ бүтээл буюу барааны тэмдэг юм. Тиймээс бүртгүүлсэн цагаас хойш оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ бол заавал гэрчилгээ авч байж бий болдог эрхийн хамгаалалт.

Нөгөө нь зохиогчийн эрхийн салбар. Энэ салбарт ямар нэгэн байдлаар гэрчилгээ авахыг шаарддаггүй.

Хэрэв уран бүтээлч өөрөө хүсвэл Оюуны өмчийн газар хандаж гэрчилгээ авч болно.  Тухайн дуу, шүлэг, кино, ямар нэгэн уран бүтээл олны хүртээл болсон тэр өдрөөс эхлээд л шууд Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдах эрх үүсдэг гэдгийг ихэнх уран бүтээлчид мэддэггүй.

Гэхдээ мэдэх ёстой зүйл бий. Таны санаа зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй. Зөвхөн бүтээл болсон өдрөөс эхэлж зохиогчийн эрх үүсдэг.


Зохиогчийн эрх бүхий бүтээлүүдэд зохиогч өөрийн нэрээ заавал дурдуулах ёстой

М.Шолоховын “Дөлгөөн Дон” , Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” гэж бид тухайн бүтээлийг зохиогчийн нэртэй нь сайн мэддэг шүү дээ. Яг ингэж тухайн бүтээлийн нэрийг дурдахдаа зохиогчийг нь заавал дурдах ёстой. Дурдахгүй бол энэ нь өөрөө оюуны өмчийн зөрчилд тооцогддог, тодорхой хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт ч бий.

Аливаа бүтээлийг ашиглахдаа заавал зөвшөөрөл авч ашиглах ёстой.

Зохиогчийн эрх эзэмшиж байгаа хүмүүс насан туршдаа буюу амьд байгаа хугацаандаа эрхээ эдэлнэ. Эрх нь тухайн зохиогч нас барснаас нь хойш 50 жилийн хугацаанд хүчинтэй хэвээр байдаг. Энэ хугацаанд зохиогчийн эрхийн зөвшөөрлийг авахдаа заавал үр хүүхэд, компани гээд эрх залгамжлуулан үлдээсэн хүмүүсээс зөвшөөрөл хүсэх хуулийн зохицуулалт үйлчилдэг.  

50 жилээс хойш нийтийн хэрэглээний бүтээл болж олон нийт шууд ашиглах эрх үүсдэг. Энэ мэт иргэдийн мэддэггүй Оюуны Өмчийг Хамгаалах тухай хуульд заасан олон нарийн зүйл заалтууд бий.