НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Тангарагтны шүүхээс дуучин Кэти Перри болон түүний продюсеруудад 2.78 сая ам.долларын торгууль төлөхийг үүрэг болгожээ. 2013 онд “Dark Horse” дуугаа бичихдээ зохиогчийн эрх зөрчсөнийх нь төлөө тэдэнд ийм хэмжээний торгууль ногдуулсан байна.

АP агентлагийн мэдээлснээр, торгуулийн мөнгийг Flame хочтой Маркус Грей болон Лекрей Мурт шилжүүлнэ. Гэхдээ Кэти Перри торгуулийн мөнгөний 20 хувийг буюу 550 мянган ам.долларыг төлөх ёстой байна. Үлдсэн хэсгийг нь дуу бичлэгийн “Capitol Records” компани, дуучны продюсерууд болон хамтран зохиогчид хуваан төлөх аж.

Дуучин Кэти Перри “Dark Horse” дуугаа бичихдээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэж шүүгчид урьд нь үзсэн юм. Дуучин бүсгүй уран бүтээлээ хийхдээ санаатай эсвэл санамсаргүйгээр Flame гэдэг нэрээрээ алдартай, Америкийн рэппэр Маркус Грэйгийн "Joyful Noise" дууны хөгжмийн бүрэлдэхүүн хэсгийг хуулбарласан гэдэгтэй тангарагтнууд санал нэгдсэн байна. Энэ дууг Маркус Грэй 2008 онд хип хоп дуучин Lecrae-тэй /бүтэн нэр нь Лекрей Мур/ хамтран зохиожээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг