Б.Баясгалан
03 сарын 17, 2022
Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзааныг энэ удаагийн зочны буландаа урилаа. Тэрбээр “Гэм зэм” жүжигт архинд орсон түшмэл Семен Захаорвич Мармеладовыг дүрийг бүтээж буй. Энэхүү дүр нь хамгийн ээдрээтэй, зөрчилтэй нөгөө талаас өнөөгийн нийгмийн дүр төрхийн нэгээхэн хэсгийг харуулдаг. Уг дүртэй холбогдуулан эрэгтэй хүний хүмүүжил, сэтгэл зүйд яагаад анхаарах ёстой талаар тэрбээр ийнхүү ярьж байна.
Бичлэг үзэх:
Өөрийгөө буруутган шийтгэх эцгийн монологи надад шууд харагдсан
Архинд орж алдаж онож яваа түшмэл Мармеладов амьсгал хураахынхаа өмнө хөл нүцгэн гүйж яваа хүүхдээ хараад “Хөлнөөсөө даарав, юм өмсөөрэй” гэж хэлээд эцсийн амьсгалаа татдаг. “Гэм зэм” романд энэ хэсэг яг ингэж гардаг юм. Үнэндээ энэ үг амьдралын сүрхий сургаал, яруу тансаг үгс биш л дээ. Эцэг хүний хамгийн агуу хайрыг харуулсан энгийн л нэг өгүүлбэр.
Ганцхан тэр өгүүлбэр л эцэг хүний мөн чанарыг тодорхойлчхож байгаа юм. “Гэм зэм” романаас миний цээжинд хоногшоод үлдчихсэн байсан юм, энэ үг. Энэ романыг уншаад долоохон хоногийн дараа хамгийн их зүйл бодогдуулсан монологитой Мармеладовын дүрийг бүтээх санал надад ирсэн.
Би иймэрхүү жүжигт тоглох юмсан гэж дотроо мөрөөдөж, хорхойсож явлаа. Үүнийгээ ч нуухгүй. Азаар М.Батболд найруулагч намайг сонгож багтаа урьсан. Тэр урилга уран бүтээлчийн хувьд санаж шатаж явсан оргилуун хүслийн минь галыг найруулагч маань асаачих шиг санагдлаа..
Намайг сорьсон “Гэм зэм”
Найруулагчийн өгсөн даалгавар, шийдэл надад хэцүү санагдаагүй. Яагаад гэвэл би дөрвөн хүүхэдтэй, гурван охинтой эцэг хүн шүү дээ. Хүүхэд, гэр бүлийнхээ өмнө өөрийгөө буруутган шийтгэх тэр эцгийн монологийн мэдрэмж шууд ороод ирсэн. Найруулагчтайгаа ч ойлголцсон. Эхний мэдрэмж гэдэг их чухал шүү дээ.
Сонгодог жүжиг бол жүжигчний чансааг их шалгадаг. Жүжигчний ухааны цар хүрээ, мэдлэг авьяас, чадвар, хөдөлмөр гээд олон зүйлийг шалгана,мэдрэмж шаардана.
Тийм болохоор “Гэм зэм” жүжигт тоглох нь уран бүтээлчийн төдийгүй ур чадварын хувьд маш их хөгжиж байгаа гэсэн үг. Уран бүтээлч хүнийхээ хувьд ажиллачихсан байхад дахиад асар их,өргөн хүрээтэй мэдлэг авна. Нэг ёсондоо дахиад нэг шат ахиж байна гэсэн үг юм. Би энэ дүрийг чадахаараа бүтээсэн, дүрээрээ амьдарсан, түүнээс биш жүжиглэсэн гэж хэлэхгүй. Үнэндээ жүжиглэнэ гэдэг үг дүр бүтээх гэдэг үгтэй харьцуулахад дэндүү сул үг шиг санагддаг. Энэ жүжиг өөрөө хүний дотоод сэтгэлийн нарийн асуудлуудыг маш урнаар гаргаж өгсөн.
Эрчүүдийн цаад сэтгэлийн мухарт байгаа зүйлийн талаар дуугарч явна
Шаналж гүйцсэн Мармеладовын эхнэр нь сүрьеэ өвчнөөр удтал өвдөж буй. Жаахан хүүхдүүдтэй. Яаж ч хичээсэн ч өөдөө гардаггүй асуудал дүүрэн амьдрал ньтүүнийг архины замд хөтөлж, эцэстээ морин тэргэнд дайруулж нас бардаг. Манайд ч ялгаагүй иймэрхүү асуудал байгаа шүү дээ. Эрэгтэй хүний сэтгэл зүйг орхигдуулдаг. Эрэгтэй хүн гэхээр даруухан, олон таван үггүй байх ёстой юм шиг эндүүрдэг. Уйлдаг эр хүнийг арчаагүй, шалчигнасан амьтан гэдэг. Гүндүүгүй сайхан, эр хүн хатуужилтай байх ёстой гээд хүлээсэнд оруулчихдаг буруу ойлголтоосоо салмаар байна. Үүнээс болоод эр хүн бухимдал гомдлоо гаргаж чаддаггүй. Эмэгтэй хүн уйлаад хашхираад хамаг стрессээ гаргачихдаг.
Уг эр хүн ч гэсэн сэтгэл зүйгээ чөлөөлж, бодсон санасан зүйлээ ярьж байх ёстой. Ингэж ч сурах ёстой. Гэхдээ архи ууж биш. Яагаад эрүүл саруул ухаанаар онгойтол ярьж, уйлж, яагаад болдоггүй юм. Хүн гэдэг амьтанд уйл гээд нулимс заяачихсан шүү дээ. Яг адилхан эмзэглэх, баярлах, гомдох гээд сэтгэл хөдлөл эр хүнд байдаг юм.
Заавал мундаг болох гээд өөрөө зовоод яахав. Ер нь бид хүүхдийг бүр багаас нь эрэгтэй, эмэгтэй ялгаж өсгөөд байгаа нь сэтгэл хөдлөлөө илчилдэггүй, хаалттай болгож өсгөдөгт алдаа бий. Охин хүүхэд ингэх вий, тэгэх вий хөөрхий гэдэг. Үүнийгээ л нэг эрдэмтэй , боловсролтой болгоё гээд зүтгэдэг. Гэтэл эрэгтэй хүүхдийг яваандаа болох байлгүй гээд орхино. Ийм хандлагаас болж эрэгтэй хүүхэд буруу, өрөөсгөл хүн болж төлөвшөөд байна. Үр дүнд зарим нэг нь хүчирхийлэгч болж хүмүүжиж байна.
Уламжлал, ёс заншлаа дээдлэлгүй яахав. Гэхдээ гэр бүл бол хамтын амьдрал юм, асуудлаа хоёулаа шийдэх ёстой. Хэрвээ эхнэр нь ажилтай байгаа бол нөхөр нь яагаад хоол хийгээд юм угааж болохгүй гэж. Тэглээ гээд ямар хийморь хаанаа гутаад гундаад унана гэж. Иймэрхүү буруу ойлголтоосоо салах хэрэгтэй юм шиг санагддаг.
Би Утга учиртай амьдралын эрэлд яваа
Сайн эцэг гэж үүрэг хариуцлагаа мэдээд зогсохгүй, гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлдэг байх ёстой гэж боддог. Би ч бас чадахаараа хичээж яваа олон аав нарын нэг.
Том хүү маань гэр бүл болоод тусдаа гарчихсан, би ач охинтой. Хүүхэд мэндлэхээр хүнд нэг тийм хэлж мэдэхгүй мэдрэмж төрдөг юм билээ. Бүр илүү утга учиртай амьдрах ёстой юм байна гэж боддог. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдарна гэдэг өөр ойлголт шүү дээ. “Гэм зэм” жүжигт “Нэр төргүй эцэг байснаас нэр төртэй үхдэл байсан минь дээр” гэж хэлдэг. Энэ бол сайн явж чадаагүй хүний хамгийн эцсийн үг байх. Би жүжиг дээрээ амьдрах муухай гэж хэлдэг. Харин одоо бол Монголынхоо эрчүүдэд хандаж “Амьдрах сайхан шүү, амьд байх сайхан шүү.
Өглөөний нарыг хараад босох энэ бужигнаж байгаа амьдралыг харах шиг сайхан юм байхгүй. Тэгэхээр бүгдээрээ сайхан амьдарцгаая.
Сэтгэл зүйгээ өөдрөг байлгацгаая” гэж захимаар байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.