Дэлхий дахинд ХYIII зууны сүүлээс уран зохиолын төрөл зүйлийн тухай асуудал баахан эргэлзээтэй болж эхэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл уран зохиолыг хатуу зааглан ангилах боломжгүй болсон байна.

Үүний учир нь романд бий бөгөөд роман өнгөрсөн цагийг бус одоо хийгээд ирээдүй цагт анализ хийх болсон нь нийт урлаг уран зохиолд нөлөөлж, уран зохиолын дүрслэгдэхүүнд хямрал нүүрлэсэн ба энэ нь эцэстээ ухаанлаг талыг илүүтэй тодруулсан бололтой. Өөрөөр хэлбэл урлаг, уран зохиолын онцлог болж байсан хийсвэрлэх, мөрөөдөх тал нь жаахан бүдгэрч эрүүл ухаан барьсан (М.Бахтин) хандлага зонхилох болж л дээ.

Монголын уран зохиолын өмнөх түүхэнд гарсан бараг бүх романууд өнгөрсөн цагийн тухай л байсан бөгөөд (Үүрийн туяагаас Оройгүй сүм хүртэл) яг тухайн цаг үе хийгээд ирээдүйтэй арсалдсан роман гэвэл тун цөөн. С.Эрдэнийн “Амьдралын тойрог”, С.Лочингийн “Үргэлжлэлтэй 7 өдөр” гэсхийгээд зогсох болов уу даа. Улмаар романы хөгжил нь гүнзгийрэхдээ уран зохиолд баримтат хандлага төлөвшүүлсэн бөгөөд энэ нь эргээд яруу найраг гэдэг хамгийн хийсвэр төрөлдөө ч нөлөөлсөн бололтой юм.      

Нийгмийн хөгжлийг хуваадаг шиг манай яруу найргийн хөгжлийг:
-Зэрлэг үе
-Бүдүүлэг үе
-Орчин үе гээд тоймлочихож болох байх.

Онгон зэрлэг үед бол аман ба эртний уран зохиолын баримтууд хамаарчих болов уу, бүдүүлэг үед яруу найраг хоолны талон болчихсон байсан социалист реализмыг оруулчихад яг зохино.

Харин орчин үе? Орчин үе бол ямагт орчин үе л байдаг. 

Дэлхийн II дайны дараа үеийн энх цагийн бүтээн байгуулалтын үр шим 1960-аад оноос мэдрэгдэж эхэлсэн ба монгол хүн урд өмнө нь хэзээ ч байж үзээгүй шинэ ахуйд орж ирсэн нь Улаанбаатар хэмээн нэрлэгдэх болжээ. Тэрхүү хот нь асар богино хугацаанд дэлхийн их хотуудтай дүйхүйц хүн амтай, илүү ч байж мэдэх бүдүүлэг, увайгүй, зэрлэг малчдын бөөгнөрөл, бохир сууринг бий болгов. Энэхүү хар массын хэрэгцээг хангадаг уран зохиолын жижиг дунд үйлдвэрлэгчид ч бий болсон ба нөгөө талдаа сэхээлэг хэсэг нь арай өөр уран зохиолыг таашаах нь улам бүр нэмэгдсээр ажгуу.
Өнөө үед БНМАУ-ын яруу найргаас ханх тавьж асан хоосон уянгалал нэгэнт «үхэж далдарсан». Өөрөөр хэлбэл яруу найрагт голлож байсан антиухаанлаг аяс бүдгэрч уянга+дээд ухаанлаг тал давамгайлах болов. Энэ тал нь манайд жаахан хэтэрч ямар ч сэтгэлгүй зүгээр л сэтгэлгээний хуурай тоглоомлог солигдлууд ХХI зууны эхэн үеийн залуусын бүтээлээс нэвт гэрэлтэж буй нь анзаарагдах боллоо. Цаашлаад сэтгэл, ухаарлын оролцоогүй нэг л хөндий тоочилтуудад дарагдаж яруу найраг гэхээсээ яруу бус найраг маягтай болж ирснийг алийн бүгд урбан гэдэг нэр үрүү чихэх вэ. Туульсын зохиолын дүрслэл, өгүүлэмжид ч эвдрэл гарсан ба энэ шинэчлэл нь үндсэндээ зохиолчийг үгүй хийж байна. 

Хөндлөнгийн дүрслэл, дүгнэлтгүй өгүүлэмж, тайлалгүй туйлууд үргэлжилсээр гибридчлэлд сарних нь энэ цагийн үргэлжилсэн үгийн төрлийн өнгийг тодорхойлох болов. Ингэснээр нүүдэлчдийн хөдөөх төрхийн хоосон уянгалал, малчин ардын сайхан сэтгэл, гүндүүгүй монгол зан мэтийн хуурмаг дүрслэлүүдийг хэн ч тоож уншихаа байв. 

Энэ бүхэн нь цаад мөн чанартаа прагматист философийн түрэлттэй холбоотой агаад Америкийг бий болгосон гэх энэ философи нь:
-үгэнд бус утганд итгэнэ, тэр нь прагматик буюу практик үр дагавраар илэрнэ,
-бидний мэдлэг тэлэхийн хэрээр оюун ухаан хөгжиж байгаа шиг утга санаа шилждэг, өөрчлөгддөг,
-ертөнцийг ойлгох, ялангуяа үзэл баримтлал, хэлний тухайд априори аргаар философидохыг дэмждэггүй,
-догматизмыг шүүмжилж, харин фаллибилизмыг зохистой хэмээнэ,
-хуурамч дихотомоос татгалзаж тасралтгүй үргэлжлэх төлөвийг онцолдог,
-хэл болон судалгааны нийгмийн чанарыг чухалчилдаг,
-шинжлэх ухааны судалгааны үр дүнг эрхэмлэж, ялангуяа хувьслын онолыг дэмждэг,
-ертөнц болон хүний үйлдэлд гарах санамсаргүй хийгээд тохиолдлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрнө гэсэн үндсэн томьёоллуудад хураагдах аж.


Прагматистууд үнэн ба ашиг хоёрын ялгааг үл үүрэгжүүлж ашигтай гэдэг нь үнэн гэх шийд гаргасан бий. 

Ингэснээр хүмүүний ертөнцийг ухаарахуйд эвдрэл гарч үндсэн төлөвт өөрчлөлт орсоор буй нь улам бүр тодорсоор байна. Ялангуяа монгол хүний. Ийм цаг үеийн уншигчдад мөнөөхөн люмпенпастухын уран зохиол (Хүрээ хөвгүүд), нүүдэлчдийн реализм (До.Цэнджав) хэмээн томьёолдог хөдөө нутгийн үзэмж, малчин ардын сэтгэл, наадмын болзоо, хадлангийн майханд учирсан хоёр, хонины бэлчээрт дэх уулзалт мэтийн үзэгдлүүд ямар ч сонирхолгүй болсон ба өнөөгийн уран зохиолд урбанизм, постурбанизм төлөвшлөө. Яруу найрагт их хотын дарамтаас, уг чанартаа амьдралаас юу хүсэх, юу санах, юу олох хийгээд юу гээхүйн мөн чанар, эргэцүүлэл алсын дуудлага гэрэлтэх нь байх үзэгдэл буюу.


...Хаяад одож буй шувуудын хойноос хараал нэгийг урсгаад
Хаашаа ч дүрвэхгүй, энд л үлдэхээ ахин нэг тангараглаад
Шар айрагны мухлагаас халамцуухан гарч
Шал дэмий гуниг, гутрал ганцаардлаа сэгсэрнэ ээ.

Зөрөх нэгнээс цаг асууж, бас гал асууж
Зөөврийн тэргэнд гар өргөж харанхуй гудамжаар хэсүүчилж
Зөндөө өдөр хоногийг хоосон атлаа дүүрэн үдсэн
Зөвхөн энэ л хотын эгшиглэнт ганцаардалд хэтэрхий дасчээ...(Баясгалан.Б. Уйт намрын шүлэг. “Эдгэрэл” 2018)         

Хүн амьд амьтан болохынхоо хувьд байгалийн урт удаан хөгжлийн бүтээгдэхүүн боловч хүний хосгүй чанарыг нь гагц эволюцийн үр дүн гэж үзэх аргагүй болсоор билээ. Философийн антропологийн судалгаанаас үзвэл “хүн бол байгальд муу бэхэжсэн амьтан” гэсэн дүгнэлтэд хүрсэн буюу. Энэхүү нэн парадоксаль дүгнэлтээр бол хүн байгалаасаа ямагт ондооших чанартай, ба эцэстээ байгалийн өгөгдөл болох өөрөөсөө ч ондооших аж. Үүн дээр хот хэмээх суурьшмал иргэншлийн нөлөө нэн хэтийдэм. Үүнийг гагц яруу найрагч л дуулах.

...Агь ханхалсан өврөөс тань хэзээ би сугарч
Анхил зүгийн салхитай хөтлөлцөн хийсч одоо вэ?
Араатнууд шиг инээж, жигүүртнүүд шиг уйлалдсан
Аливаа хүний хотод хэзээ ирж дасаа вэ?...

...Төөрдөг хонгил шиг олны хот, шаналант алс!
Төгсгөл нь хаа хүрэхийг мэдэх энэ эрээлсэн зам дээр
Хаа байна миний эхлэл, алсын цэнхэр уулс минь!
Халаасанд минь түлхүүр шаргивч хаалга үгүй нутаг минь! 

(Баясгалан.Б. Ээ, алсын цэнхэр уулс минь. “Эдгэрэл” 2018)  

Яруу найрагч Б.Баясгалангийн “Эдгэрэл” (2018) нэрт бяцхан түүвэрт ийн бичсэн нь нэн зөнтэй агаад мөн түүврийн шүлгүүдэд ухаарлыг уянгаар сүлсэн нь зохирлог. Басхүү зохиолч Ц.Ариунтуяагийн “Тэнгэрийн охины зүүд” нэрт бяцхан түүвэр энэ онд (2018) хэвлэгдлээ.

«...Улаанбаатар хотод хичнээн хүн хажуу өрөө хөлсөлж амьдардаг тухай та өмнө нь бодож байсан уу? Хэрвээ үгүй бол тиймхэн л юм. Нэгэн дээвэр дор нэжгээд хүний амьдрал өөр өөрийнхөөрөө, бас нэг нэгнээсээ хараат өрнөнө гэдэг хэзээд сонирхолтой хэвээр байх биз ээ...» хэмээн өрнөх “Хажуу өрөө” өгүүллэгийн хөгжимчин, зураач хоёр өөр өөрийнхөө цаг үед хотын хажуу өрөөнд өөрөөр хэлбэл амьдралын хажуу өрөөнд цөлөгдөгсөд.

Хотын хүний нийтлэг төлөөлөл болохуйц үл танигдам эдгээр дүрүүд нь нууцлаг бөгөөд шаналангуй байх нь энэ цагийн хүний хэв шинж мэт. Хотын хүн ямар нэгнийг хэн нэгнээс нуун, юунд ч юм далдуур шаналж, дүр эсгэн амьдрах.

Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүйж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа ээлжлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Бие биенийхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад... (Баясгалан Б. Дүр. “Эдгэрэл” 2018)


Зохиолч Ц.Ариунтуяагийн “Хажуу өрөө” өгүүллэгийн дүрүүд хэн нь хэн болох нь үл мэдэгдсээр өндөрлөх шиг, түүгээр ч зогсохгүй хэн хэний тухай өгүүлээд буй нь ч үл мэдэгдэж буй шиг хүн ер нь энэ хотын амьдралд өөрөө оршин байдаг эсэх нь ч эргэлзээтэй. Тэр нь яруу найрагч Б.Баясгалангийн “Дүр” шүлэгт буужээ.
Алган дотор час улаан гуниг.., тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү? (Баясгалан Б. Дүр. “Эдгэрэл” 2018) гэсэн эргэлзээ бол эрин цагийн хүмүүн төрөлтөн, бүтэн үеийнхний гайхшрал.


“Хүний амьдрал ерөнхийдөө эмгэнэлт, тусгайдаа хошин жүжиг” (А.Шопенгауэр) гэдэгчлэн үзвэл зохиолч Ц.Ариунтуяагийн “Тэнгэрийн охины зүүд” номын баатрууд нь ямар нэгэн шалтгаанаар өөрөөсөө ондоошин ганцаардалд эзлэгдсэн эмгэнэлт гэмтнүүд. Өөрөөр хэлбэл хүний амьдралын тусгай төлөөлөл гэхээсээ хүмүүний амьдралын ерөнхий төлөөлөл болсон дүрүүд байна.

Тухайлбал “Тэнгэрийн охины зүүд”-ийн дүүгээ алдаж унагаад түүнээс болж өвчтэй боллоо гэж бодмогцоо насанд хүрчихсэн зургаатай бяцхан охин, “Төрөх тасаг”-ийн өөрийгөө нөхрийнхөө үхлийн буруутанд тооцох Гэгээ, найзынхаа эхнэрийн тээж буй хүүхдийн эцэг болох эмч, “Бөгтөр”-ийн өөрийгөө умартан ганцаардсан бөгтөр өвгөн, “Хажуу өрөө-ний залуус гээд ямар нэг шалтгаанаар өөрийгөө ганцаардуулан хорионд орсон зүүдэн өвчтэй мэт шизофреникууд нь хотын амьдралын хаягдал хэмээн сэтгэгдэх нь өвөрмөц юм.


Эротик хайр бол эхийн хайрын хаягдал, гэм хоргүй ургацаг гэдэг шиг хүн бол байгалийн (бурхны ч юм уу) төгс бүтээл, харин амьдрал бол түүнийг үл төгсрүүлэгч, хүнийг хаягдал бүтээгдэхүүн, гологдол болгох үндсэн нөхцөл юм гэсэн сэрэгдэл төрүүлэх нь энэхүү жижигхэн номын (Тэнгэрийн охины зүүд) пост шинж.
Харин яруу найрагч Б.Баясгалангийн шүлгүүд нь байгалд муу бэхэжсэн амьтан гэх хүний өөрийгөө зөвтгөсөн зөвтгөл, хотжин өөрөөсөө өөршиж түүнийгээ даяаршил гэдэг нэршилд гүтгэн оршиж буй ахуйлаг хүний тайтгарал юм. Учир нь хүн төрөлхтөн байгалиас зугатан, түүнийг түйвээж буйдаа ямагт шаналах мэт боловч өөр аргагүйн эрхэнд хотдоо үлддэг, үүнд ямар нэгэн зөвтгөл, аврагдаж тээглэх сүүлчийн гогцоо хэрэгтэй, тэр гогцоо яруу найрагчийн шүлэгт буусан нь “Эдгэрэл” нэрт. Тэрхүү байгалиас ондоошсон гэх шаналгаат шархыг хүн төрөлхтөн эдгээхийг хүсч буй бөгөөд түүнийг анагаагч нь яруу найрагч, ерөндөг нь шүлэг юм. Тиймээс ч “Эдгэрэл” гэдэг энэ үг хүн төрөлхтний нийт яруу найргийн эцсийн утга нь, бүх юм нь, урд өмнөх болоод хожим хойшид гарах бүхий л шүлгийн номуудын ерөнхий нэр нь гэж санагдана.


Жаргаж явахдаа хааяахан гаргаж хармаар
Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа
Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог
Эрмэг хүн ирмэгнээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ 

(Баясгалан Б. Жаргаж явахдаа... “Эдгэрэл” 2018)  

Яруу найраг... Энэ бол
Урсаж л явсан гол горхи гэнэтхэн буруулж
Улаан гол руу минь цутган орж ирэхийн,
Улаан цусыг минь түрж судас бүрээр минь
Дулаан илчийг минь хөөж, салаалж эргэхийн,
Тунгалаг шил шиг болох яг тэр мөчид минь
Тунчиг нууцыг минь бүхэнд гэрэлтүүлж харуулахын
Нэр.
...Яруу найраг... Энэ бол
Цагийг захирагчийн хүйтэн мутраас
Цай уугаад үүрд унтахын,
Бутарч үйрээд бүтэн үлдэхийн,
Бусдаас өөр гунигаар үхэхийн
Нэр

(Баясгалан Б. Яруу найраг ...Энэ бол. “Эдгэрэл” 2018)        

                                 
Утга зохиол судлал, философийн гибриднос (дундын) мужаас үзвэл эхэнд дурдсан прагматизм биднийг хэрэглээчлэх сэтгэхүйтэй болгож асан бол постмодернизм метанарративуудыг үгүйсгэх хандлагын учир олон талтлаг болгож буй биз ээ. 
Постмодерн сэтгэлгээний гол шинж нь франментаци (хэсэгчлэх), гибрид (хосолмол холимог), тодорхойгүй шинж, универсаль нэлэнхүйжүүлэлт, дискурсуудыг үл хүлээн авахуйд оршдог бөгөөд филосифич Р.Рорти (АНУ) “Бичиг номын шинэ хэв маяг хөгжлөө. 

Энэ нь уран зохиолын чанар чансаа ч биш, нийгмийн мэргэ төлөг ч биш, оюуны түүх ч биш, танин мэдэхүйн онол ч биш, энэ бүхнийг хамтад нь авч нийлүүлсэн шинэ жанр болой” гэсэнчлэн манай нэн шинэ үеийн уран зохиолын ертөнцөд ч өөрчлөлтүүд гарсаар л байгаа билээ.  


Сүүлийн өдрүүдэд өнгөрөн буй 2018 он манай уран зохиолын хувьд ихээхэн хүнд жил боллоо, уран бүтээлчдээс цөөнгүй хүн тэнгэрийн орноо одлоо хэмээн ярьж бичсээр байгаа. Гэсэн ч хайр татам ийм хонгорхон охид бидэнтэй нэгэнлэг цаг дор шүлэг татлаад, өгүүллэг гарчиглаад сууж буйг бодохоор утаат хотынхоо манант өдрүүд хийгээд утга зохиолынхоо шуугиант амьдралд эрхгүй шунан дурлаж байна.


2018-12-22