Жилийн өмнө Оклахома Сити Тандер багийн тоглогч Рассел Уэстбрүүк бүтэн улирлын турш трипль дабль дунджилсан түүхэн дэх хоёр дах тоглогч болж байсан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр албан ёсоор хоёр улирал дарааллан трипль дабль дунджилсан анхны тоглогч болж түүхэнд нэрээ мөнхөллөө.

Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Рассел Уэстбрүүк улирлын сүүлийн хоёр тоглолтод 34 самбараас бөмбөг авалт хийвэл оноо, оновчтой дамжуулалт, самбараас бөмбөг авалт гэсэн гурван үзүүлэлтийн дундаж 10-аас дээш гарах байсан билээ. Тэрээр Даваа гарагт Миами Хитийн эсрэг 18 самбараас бөмбөг авалт хийгээд байсан. Харин өчигдөр Мэмфис Гризлисийн эсрэг хийсэн тоглолтын 3 дугаар үед 16 дах самбараас бөмбөг авалтаа хийснээр албан ёсоор хоёр улирал дарааллан трипль дабль дунджилсан тоглогч болсон юм.