Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 05, 2017
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас ЕБС-ийн ном сурах бичиг түүнийг тойрсон асуудлаар тодруулга авлаа.
-Энэ жил ЕБС-д хэчнээн сурах бичиг хэрэглэх вэ?
-Бага ангийн сурагчдын өсөлт бууралтаас шалтгаалж жил бүр хэвлэгдэх ном сурах бичгийн тоо өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн хувьд нөхөн хангалтаар нийт 20 орчим нэр төрлөөр 600 мянган сурах бичиг хэвлүүлсэн. Ахлах ангиас бусад бүх ангийн ном сурах бичиг хэвлэгдэж сурагчдын гар дээр очиход бэлэн болсон. Сурах бичиг хэвлэх тендерийн явцад маргаан гарсанаас болж ахлах ангийнхан номгүй байна. Сангийн яам энэ тендерийг татан авч шалгаж байна.
-Жилийн жилд номын тендертэй холбоотой гомдол гарах юм, энэ асуудал хэзээ шийдэгдэж хүүхдүүдийн гар дээр ном нь очих вэ?
-Ихэвчлэн хэвлэлийн компанийг сонгон шалгаруулах явцад хэвлэлийн компаниуд маргаан үүсгэснээс болж сурах бичгийн хэвлэлт хугацаанаасаа хоцордог явдал сүүлийн хэдэн жил гараад байна. Журмаараа бол номын тендерийн маргаан Сангийн яам дээр шалгагдаж дууссаны дараа хэвлэгдэж тараагдах ёстой. Одоогоор тодорхойгүй байна.
-Бага ангийн сурах бичигт ямар стандарт барьдаг вэ?
- Зургаан настнууд анх номтой харьцаж сурч байгаа учраас ариун цэвэр стандартын хувьд анхаарч тэдэнд жил бүр шинэ ном хэвлэдэг. Үг үсгийн алдаа гаргахгүйн тулд Ц.Дамдинсүрэнгийн монгол хэлний дүрэм, журамлагдсан 700 үгийг мөрдөж байгаа.
-Бага ангийн сурах бичиг овор жин ихтэй гэж эцэг эхчүүд шүүмжилдэг. Энэ үнэн үү?
-Яамнаас бага ангийн номыг зургаан настай хүүхдийн онцлогт тохирсон жин хэмжээ, харьцаатай байхаар бодож боловсруулж хийдэг. Үүнд дан ганц ном нөлөөлөхгүй. Хүүхдийнхээ цүнхэнд дагалдах хэрэгсэл дэндүү олон хийж өгсөнөөс цүнх нь хүндэрч байгааг эцэг эх, багш нар анхаарах хэрэгтэй.
-Сурах бичгийн үнэ хүртээмжийн асуудал энэ жил ямар байх вэ?
-Энэ жил сурах бичгийн үнэ өсөөгүй. Бүх ангийн сурах бичгийн үнэ 1300-4500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Бага ангийн сурагчид бүх номоо үнэгүй авч хэрэглэдэг бол ахлах болон дунд ангийн сурагчид номоо худалдан авдаг. Худалдан авах чадвар сул нийгмийн зорилтот бүлгийнхэнд чиглэж сурагчдын 40 хувьд хүрэлцэх сурах бичгийг төрөөс хөрөнгийг нь гаргаж хэвлэсэн. Эдгээр номыг сургуулийн номын сангаар дамжуулан олгож байна. Эцэг эхчүүдэд яамнаас сурах бичиг хэвлэх албан ёсны эрх авсан Мөнхийн үсэг, Адмон, Соёмбо, Сэлэнгэ зэрэг найман компаниас хүүхдийнхээ ном сурах бичгийг худалдан авахыг зөвлөмөөр байна. Номын үнэтэй холбоотой гомдлыг үзэхэд дандаа хувь хүний гар дээрээс өндөр үнэтэй худалдан авсан байх нь бий.
-Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан ном сурах бичигт анхаарал хэр хандуулдаг вэ?
-Энэ жил сонсголын болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж монгол хэл, математик, дүрслэх урлагийн ном хэвлэлээ. Эдгээр номыг нь сургуулиар нь дамжуулан үнэ төлбөргүй хүргэж байна.
-Казах хэл дээрх сураг бичиг хэвлэгддэг үү?
-Казах хэл дээр хэвлэгдсэн бага ангийн сурах бичгүүд орон нутагт хүргэгдсэн. Мөн казах хэл дээрх сурах бичиг шинээр зохиогдож байна.
Энэ хичээлийн шинэ жилд үзэх ном сурах бичгийн үнийг багцалбал:
Анги | VI | VII | VIII | IX | X | XI | XII |
Үнэ (нийт сурах бичиг) | 22.800 төгрөг | 24.100 төгрөг | 24000 төгрөг | 24400 төгрөг | 8000 төгрөг | 11300 төгрөг | 28400 төгрөг |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.