Авто зам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан  “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны  удирдлагаас  надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж  НИТХ-аар  оруулж дахин хэлэлцүүлнэ. Үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга. Гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх  шаардлагатай болно" хэмээлээ.

Харин Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд "Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн асуудлаа хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх”-ийг Хотын даргаас шаардав. Хариуд нь С.Амарсайхан дарга “өнөөдөр энд ямарч судалгаа тооцоогүйгээр, сэтгэл хөөрлөөр ингэж тэгж бууруулна гэж асуудалд хандах нь боломжгүй” гэдгийг  илэрхийлээд  хуулийн хүрээнд судалж НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барихаа мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сануулахад, Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг НИТХ өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тус шийдвэрийг зарим иргэн эсэргүүцэж буй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзаж, НИТХ-ын дээрх шийдвэрийг эргэж харж, хамгийн боломжит хувилбараар шийдвэрлэх чиглэл өгсөн юм.


Өнөөдрийн "Машинтай жагсаал"-аас гэрэл үургаар хүргэж байна. Авто зам ашигласны төлбөрийг нэмснийг эсэргүүцсэн тус жагсаал өнгөрсөн даваа гарагт эхэлсэн юм.