УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагт эхэлсэн ч УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны өмнө ЖДҮ-тэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах шаардлагатай байна хэмээн завсарлага авах хүсэлт гаргасан.

Түүний хүсэлтийн дагуу чуулганы хуралдаан завсарлаад байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би 60 тэрбумтай холбоотой асуудлаар өнгөрсан 8 дугаар сард Ёс зүйн дэд хороонд албан бичиг хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл тус асуудлаар хуралдаж, надад хариу ирүүлээгүй. Гэтэл ЖДҮ-ийн асуудлаар өнөөдөр гэнэт хуралдана гэдэг нь энэ парламент М.Энхболд гэдэг нэг хүнд үйлчилж буй нь харагдаж байна. Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар УИХ-ын дарга чуулганыг орхин гарлаа. Энэ бол хуль зөрчиж буй үйлдэл" хэмээн мэдээлэл хийсэн юм.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн,  Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 8 дугаар сард бичиг ирүүлсэн. Чуулган 10 дугаар сард эхэлсэн. Ёс зүйн хорооны дүрмийн дагуу түүний асуудлыг хянаж ажиллахыг би Л.Мөнхбаатар гишүүнд цохсон. Л.Мөнхбаатар гишүүн асуудлыг шалгаж ажиллах талаарх албан бичгийг прокурор руу явуулсан. Хариу нь ирээгүй байгаа юм билээ. Нөгөө талаас энэ 60 тэрбумтай холбоотой асуудал дээр Тагнуулын ерөнхий газар дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль хяналтын байгууллагууд шалгаж буй учир Ёс зүйн дэд хороо уг асуудлаар хэлэлцэх бололцоогүй байгаа" гэдгийг хэллээ.

Мөн тэрээр ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороонд тодорхой иргэд, төрийн бус байгууллага, УИХ-ын нэр бүхий гишүүдээс тодорхой шаардлага ирүүлсэн байгаа. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорт хандаад холбогдох бичгийг авсан байгаа. Үүнийг хэлэлцэх шаардлагатай байна. Мөн төрийн бус байгууллага, УИХ-ын нэр бүхий гишүүдээс ЖДҮ-тэй холбогдсон нэр бүхий сайд нарыг чуулганы хуралдаан болон санал хураалтад оролцуулахгүй байх ёстой. Ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг асуудлыг тавьсан. Үүнийг бас хэлэлцэж нэг тийш нь болгож байж чуулганы хуралдаанд оруулъя гэж үзэж байна хэмээв