Сагсан бөмбөгийн тэтгэлэг олгодог Монголын их сургуулиуд

peak.mn
12 сарын 20, 2017

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй их сургуулиуд сүүлийн жилүүдэд сагсан бөмбөг сайн тоглодог оюутан залууст тэтгэлэг олгож сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлийг нь дэмждэг болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч сагсан бөмбөгийн өндөр чадвартай оюутнууд дөрвөн жил хүссэн мэргэжлээрээ сурч төгсөж байна. Та бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд сагсан бөмбөгийн ур чадваруудыг эзэмшсэн бол энэ боломж танд нээлттэй. Тэгвэл чухам ямар их сургуулиуд дээрх тэтгэлгийг олгодог болохыг танилцуулъя: 

1. Отгонтэнгэр их сургууль – Оюутан та үнэхээр сайн ур чадвартай байгаад тэд таныг сургуульдаа элсүүлэхээр сонгосон бол танд баяр хүргэе. Тус сургууль сагсан бөмбөгийн шигшээ багийн оюутнууддаа 50-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Мөн хүссэн ангидаа элсэх эрх

2. Этүгэн их сургууль – Дээр дурдсан сургуультай мөн л адил шаардлагын дагуу тус сургууль ч бас оюутнууддаа 50-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг өгдөг. Нэмээд хүссэн ангидаа орох эрх

3. ИЗИС – Сагсан бөмбөгийн шигшээ багийн оюутнуудаа анги сонголтоо хүссэнээр нь хийх тал дээр дэмждэг. Сургалтын төлбөрийн тэтгэлэг өгдөг эсэх хараахан тодорхойгүй

4. ШУТИС – Улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тохиолдолд кредитийн буцаалт буюу тодорхой хэмжээний төлбөрийг нь буцаан олгож урамшуулдаг.

5. МУИС – Хэдэн жилийн өмнө сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг гэсэн тамирчиддаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн тэтгэлэг өгөх нь багассан.

6. СИТИ Их Сургууль - Энэ сургууль сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн спортыг илүүтэй дэмжиж шигшээ багийн оюутнууддаа 50-100 хувийн тэтгэлэг олгодог болсон. Тус сургуулийн сагсан бөмбөгийн багийн амжилт ч гэсэн сайжирч байгаа.

Сануулж хэлэхэд хэрэв та дээрх сургуулиудад сагсан бөмбөгийн ур чадвараараа тэнцэж улмаар сургалтын төлбөрийн тэтгэлэг авч чадлаа ч хичээлээ таслалгүй явж, шалгалтуудаа өгч өөрөө хичээхгүй л бол таны боломж талаар өнгөрнө. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд нэг ташаа ойлголт байгаа нь тухайн сургуульд тэтгэлгээр элсээд шигшээ багт нь тоглож л байгаа бол хичээл номны асуудал дээр санаа зоволтгүй гэж боддог нь хамгийн буруу юм. Иймд та хичээлээ ч сайн хий, сагсан бөмбөгөө ч сайн тогло. Тэгэж чадсан тохиолдолд аав ээжийнхээ халааснаас мөнгө гаргалгүй дөрвөн жил үнэгүй сурах боломж хүн бүрт нээлттэй байна. Та яах гэж байна? боломжийг ашиглах уу?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.