Б.Баясгалан
09 сарын 28, 2018
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтад оролцлоо.
Тус бүлэг нь эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын хүрээнд өрнөж буй олон улсын эдийн засаг, хөгжлийн гол асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь 2018 онд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, Аддис Абабагийн үйл ажиллагааны хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах, олон талт худалдааны систем, тусгай хэрэгцээт шаардлагатай улс орнуудын эрх ашгийг хамгаалах, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, НҮБ-ын шинэчлэл зэрэг олон асуудалд ач холбогдол өгч байна.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах үүднээс манай улсаас санаачилсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын статустайгаар Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн, мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын бага хурлыг энэ оны 7 дугаар сард өөрийн орондоо амжилттай зохион байгуулсан зэргийг онцлов.
Энэхүү уулзалтад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгиин дарга, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Ал Сиси, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга Мариа Фернандэ Гарсес, тус бүлгийн гишүүн 134 улсын өндөр түвшний төлөөлөгчид оролцов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.