С.Амарсайхан: Газрын асуудалд нухацтай хандаж, амьдралд нийцсэн бодитой шийдвэр гаргах ёстой

Б.Баясгалан
05 сарын 08, 2020

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийнхээ санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна. 

Газрын эрхийн дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр 47 байршил тусгагдсанаас 12 байршилд ялагч тодорсон. Үлдсэн 35 байршилд хуваарийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Цаашид газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүднээс газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, газруудын байршил, тоо хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэмж батлах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, бусад харьяа газар, агентлагуудаас төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг аваад нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.


Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батална

Мөн хуралдаанд Нийслэл хотын нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батлах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэсэн юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны журамд тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Газартай холбоотой асуудалд нухацтай хандаж, амьдралд нийцсэн бодитой шийдвэр гаргах ёстой. Цаг үеээ дагаад журам өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ дүүргүүдийн газрын дарга нарыг дуудаж уулзан, хууль эрх зүйн хэлтсийнхэнтэй зөвлөлдүүлэх шаардлагатай” хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

с.амарсайхан хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.