С.Амарсайхан: Нийслэлүүдийн ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй

Б.Баясгалан
05 сарын 30, 2020

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын Гүйцэтгэх хорооны албан ёсны цахим хурал өчигдөр боллоо. 

Хуралдаанд "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, Полокване хотын захирагчид, Имбабура мужийн Ерөнхийлөгч, Лиссабон хотын орлогч дарга болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцов.

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240  гаруй хот, 175 хотуудын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус  байгууллага нь  Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрхи дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис  зэрэг 7 бүс нутагт салбаруудтай аж. Улаанбаатар хот энэхүү байгууллагад 2018 онд гишүүнээр элсчээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хуралд оролцох үеэр “Дэлхий нийтийн орчин үед тулгамдаад буй асуудал нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг нотолж байна. Энэ асуудлын хүрээнд нэн шаардлагатай арга хэмжээ бол дэлхийн шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын оролцоог хангах явдал юм. Олон улсын гэрээг орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай зөвшилцөн боловсруулж, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийг багтаасан байх хэрэгтэй. Нутгийн засаг захиргааны байгууллагуудыг НҮБ-ын удирдах байгууллагад төлөөлөн оролцуулах саналтай байна. Хотын захиргааны байгууллагуудыг үндэсний хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоонд оруулах нь мөн чухал юм. Жишээлбэл, үндэсний зөвлөлд тодорхой хотын ажлын хэсэг байгуулах замаар бид шууд засаглалаас олон шатны засаглал руу шилжиж орон нутгийн бүс нутгийн болон үндэсний засгийн газрууд тэгш түншийн үүрэг гүйцэтгэж, харилцан ойлголцлын чиглэлээр ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн коронавирусийн тахлын үед татварын дарамтыг бууруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч энэхүү бууралт нь улсын төсөвт орж буй татвартай холбоотой биш, харин багасгасан бүс нутгийн болон орон нутгийн татварууд юм. 

Цаашид иргэдийг дэмжих арга хэмжээг хотын захиргааны төсвөөс бус үндэсний сангаас хэрэгжүүлэх нь зүйтэй. Хяналтгүй хотжилт, түгжрэл, тахал, байгаль орчны доройтол зэрэг чухал асуудлуудын ихэнх нь том хотуудын өвөрмөц шинж чанартай байдаг. Нийслэл хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй. Ажлын байр, дэд бүтцийг бий болгох, жижиг хотод соёл, нийгмийн төсөл хэрэгжүүлэх нь ажилгүйдэл, залуучуудын гадагшлах асуудлыг шийдэх болно. Үүнтэй ижил бэрхшээл нь хотуудын амьдралыг дэмжих үүрэг гүйцэтгэдэг хөдөө орон нутгийн хувьд хамаатай юм. Тогтвортой байдлын хувьд янз бүрийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой талаар хэлж байв.

Энэхүү байгууллагад нэгдснээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах  нь бусад хотуудын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.