Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Номын баяр-2019" арга хэмжээ өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч  П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид оролцов.

13 дахь жилийн “Номын баяр"-ын үйл ажиллагааг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхэд багачуудыг ном уншиж, ойлгох дадал хэвшилд суралцуулах, номтой нөхөрлүүлэх, дүүрэг, сургууль, цэцэрлэг бүрт номын сан байгуулах, уншлагын танхимтай болгох зорилгоор “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.  

Миний бие НИТХ-ын  даргаар ажиллаж байхдаа Д.Мөнхжаргал төлөөлөгчийн  хамтаар “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлүүлсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж, Улаанбаатар хотод номын сангүй, уншлагын танхимгүй цэцэрлэг байхгүй болсон гэж хэлж болно. Жилээс жилд цар хүрээгээ тэлж, уншигч, зохиолчдын хүсэн хүлээдэг чухал арга хэмжээ болсон энэхүү “Номын баяр”-ын үйл ажиллагааг цаашид ч нийслэлийн зүгээс дэмжиж оролцсоор байх болно” хэмээн онцолж хэлсэн юм. Мөн хотын дарга энэ жил тохиож буй нийслэл хотын түүхт 380 жилийн ойн хүрээнд орчин үеийн хүүхдийн зохиол, бүтээлийн өв санг нэмэгдүүлэх, хүүхдийн зохиолчдыг дэмжих зорилгоор 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласнаа нээлтийн үеэр дуулгалаа.