БНСУ-ын технологийн тэргүүлэгч “Samsung” компани ирэх сарын 8-нд худалдаанд гарах "S10", "S10 Plus", "S10E", "S10" загварын ухаалаг гар утсаа лхагва гарагт Лондон болон Сан Франциско хотын олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ.

“Бидний хийж чадах бүх зүйл дууссан гэж хэлдэг хүмүүст энэхүү технологи хариултыг өгсөн. Тэдний буруу байсан гэдгийг бид одоо нотолж байна” хэмээн “Samsung” компанийн Ерөнхийлөгч Донг Джин Ко Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгийн үеэр хэлэв.

Нүүр хэсэг нь бүхэлдээ дэлгэц байхаар бүтээгдсэн шинэ загварын ухаалаг утаснуудын дэлгэцийн өнгөний нягтралыг илүү тодруулсан байна. Үүний зэрэгцээ эдгээр утсанд хөх туяа бага ялгаруулах өндөр нягтаршилтай “quad HD+AMOLED" болон өнгийг дээд зэргийн чанараар дамжуулах “Dynamic Amoled” дэлгэцийг суулгаж өгчээ.

Ухаалаг утаснуудын мэдээлэл хадгалах багтаамж 128 гигабайтаас 1024 гигабайт буюу нэг терабайт хүртэл байна. Түүнчлэн дэлгэцийн хэмжээ хамгийн багадаа 5.8-аас 6.4 инч байх бөгөөд өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, ягаан гэх мэт сонголттой байх ажээ.

"Galaxy S10+" урдаа 12-13 мегапикселийн хос камертай байх бол ардаа 16 мегапикселийн гурван камертай байна. Мөн  урд камер нь өргөн дурантай бөгөөд зураг, дүрс авахад тохиромжтой өнцөг, түвшинг тохируулах боломжтой автомат "HDR 10+" стандартыг агуулжээ.

Үүний зэрэгцээ царай таних болон хурууны хээ мэдрэгчтэй байхаас гадна USB болон өөр бусад ямар ч утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой гэнэ. Мөн гар утаснаасаа өөр бусад утас болон чихэвч зэргийг цэнэглэх боломжтой болжээ.

"Galaxy S10+" загварын утас өмнөх загваруудаас 25 хувиар илүү удаан цэнэгээ барих аж. Түүнчлэн хос сим карт хэрэглэж болохоос гадна “Wi-Fi 6” сүлжээнд тохирох хамгийн анхны гар утас юм.


-Samsung Galaxy Fold-

Дундуураа нугалардаг “Galaxy Fold” загварын ухаалаг утсыг зохион бүтээгчид “ном” хэмээн нэрлэжээ. Учир нь 1536 x 2152 хэмжээтэй таблет дэлгэцийг дундуур нь нугалж эвхэх боломжтой юм. Энэхүү ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-аас худалдаанд гаргах бөгөөд ойролцоогоор 1600-2000 мянган ам.долларын үнэтэй байх ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters