Саяхан УИХ-аар 2023 оны төсвийн тухай хууль батлахад зөвхөн ХХОАТ-ын хуулинд олон улсын жишгийг дагуу шаталсан тогтолцоог оруулж өгсөн. Сарын 10 сая хүртэлх цалинтай иргэдэд одоогийн мөрдөж байгаа хууль хэвээрээ буюу 10 хувийн татвар үйлчилнэ. 

Харин сарын цалин нь 10 - 15 сая хүртэлх цалинтай бол 15 хувь, 15 саяас дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлөхөөр болж байгаа юм. 

Манай улсад 870 мянган ажил эрхлэгч цалин авч ажилладаг бүртгэлтэй. ХХОАТ-ын тухай хуульд орсон уг өөрчлөлт сарын цалин нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 хүнд л үйлчилнэ.

Тухайлбал:
Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 0-120 сая төгрөг бол 10 хувиар,120- 180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар тусгалаа.

Өөрөөр хэлбэл, сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар тус тус татвар ногдуулахаар тооцсон болно.


Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төлөх татварын  хувь хэмжээ нэмэгдсэн иргэдийг шатлалаар  ангилан харуулвал;
15% -800 иргэн
20% - 561 иргэн  


ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР