Саудын Араб дэлхийн хамгийн нарлаг улсуудын нэг хэдий ч цахилгаан эрчим хүчнийхээ дийлэнх хувийг газрын тосоор ажилладаг цахилгаан станцуудаар үйлдвэрлэдэг юм. Тэгвэл энэ байдлыг өөрчлөхийн тулд тус улс “дэлхийн хамгийн том нарын цахилгаан станц”-ыг барих тухай хэлэлцээрийг Японы “SoftBank” компанитай  байгууллаа. Энэ тухай Оросын “Спутник” агегнлаг мэдээлэхдээ тус улс 200 тэрбум ам.доллароор 200 ГВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг 2030 он гэхэд барьж дуусгана гэжээ.
 
Энэхүү төсөл нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы улсынхаа эдийн засаг, нийгмийг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ. Хунтайж энэ талаар “Бид хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн томоохон алхмыг хийх гэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд амаргүй, эрдсэлтэй хэдий ч амжилт олно гэдэгт бид найдаж байна” гэжээ.

Энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээр ирэх оноос 7.2 ГВт, 2030 он гэхэд 200 ГВт эрчим хүчийг нарнаас гаргаж авдаг болно гэж талууд тооцоолжээ. Мөн энэхүү төслийн ачаар Саудын Араб улс 100 мянган ажлын байр бий болж, цахилгаан эрчим хүчний хувьд газрын тосноос хамааралтай байдал багасна гэв.

Өдөрт 800 мянга хүртэлх баррель түүхий нефть шатаан эрчим хүч үйлдвэрлэдэг тус улс 200 ГВт эрчим хүчийг нарнаас гаргаж авдаг болсноор дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаад зогсохгүй бусад улс орон руу цахилгаан эрчим хүч экспортлох боломжтой болох ажээ. Албаны хүмүүсийн тооцоолсноор, эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж байсан газрын тосоо экспортолсноор тус улс жилд 7-20 тэрбум ам.долларын орлого олох боломжтой болно.


Эх сурвалж: Монцамэ агентлаг