Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн байгууллага (OECD) - аас олон улсын хэмжээн дэх өсвөр насны хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг үнэлэх хөтөлбөр (PISA)-ийн хүрээнд 2018 онд хийгдсэн судалгааны үр дүнг та бүхэнд хүргэж байна.

ЭЗХАХБ-аас гишүүн болон гишүүн бус орны өсвөр насныхны мөнгө, хувийн санхүүгийн талаарх мэдлэг, ур чадварыг үнэлэх зорилготой 3 жилд нэг удаа явуулдаг судалгаа сүүлийн байдлаар 2018 онд хийгджээ. 

Тус судалгаанд 15 настай 117 мянга гаруй хүүхдийг хамруулсан байна.  

Тэднээс банкны данс болон дебит карттай харьцах, зээлийн хүүний талаарх ойлголт,  гар утас ашиглан банк санхүү, цахим худалдааны үйлчилгээнүүдээс сонголт хийх тухай асуулгаар түүвэр судалгаа авсан байна. 

Судалгааны ерөнхий үр дүнгээс үзэхэд, судалгаанд түүврээр хамруулсан  гишүүн бус 20 орноос өсвөр насны 4 хүүхэд бүрийн нэг нь, гишүүн 13 орны 7 өсвөр насны хүүхэд бүрийн нэг нь өдөр тутмын зардлын шийдвэр гаргах чадвар хангалтгүй байна гэсэн үр дүн гарчээ.

Ер нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад дунджаар 10 сурагч тутмын нэг нь санхүүгийн мэдлэгийн түвшин хангалттай хэмжээнд буюу амьдрал дээр санхүүгийн шийдвэр гаргах чадвартай байна гэж үздэг байна.

Уг түүвэр судалгаанд оролцсон орнуудаас Эстони хамгийн өндөр оноог авсан бол Финланд, Канад, Польш, Австрали улс удаалжээ.

Энэхүү түүвэр судалгааны үр дүнгийн үзүүлэлтэд  2015 онд хийгдсэн PISA үнэлгээний үр дүнтэй ижил төстэй талууд цөөнгүй гарчээ.

Тухайлбал хүйсийн ялгаа санхүүгийн боловсролд бага байгаа ч хандлага, зан үйлээс хамаараад санхүүгийн  боловсролын байдал ялгаатай байна. Нөгөө талаас тухайн улсын нийгэм эдийн засгийн таатай нөхцөл нь өсвөр насныхны санхүүгийн мэдлэгийн түвшиин  өндөр байхад нөлөөлөх магадлалтай гэж үзжээ.

Түүнчлэн ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад  дунджаар өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь санхүүгийн байгууллагад данстай эсвэл төлбөрийн болон дебит карт эзэмшдэг. Гэсэн хэдий ч ойролцоогоор өсвөр насны гурван хүүхдийн нэг нь л банкны хуулгыг тайлбарлах, үнэлэх чадвартай байдаг гэсэн үр дүн гарчээ.

Энэхүү  2018 оны түүвэр судалгаанд өсвөр насны хүүхдүүдийн мөнгөтэй холбоотой сувгуудыг судлах, ялангуяа мөнгөтэй холбоотой хандлага, зан үйлийг дүрслэх, дижитал санхүүгийн үйл ажиллагааг судлах чиглэлүүдээр асуулга нэмэгдсэн нь агуулга ач холбогдлын хувьд өмнөх 2015 оны судалгаанаас ахисан үзүүлэлт болжээ.

Дээрх судалгаад дараах улс хамрагджээ. 

Австрали, Бразил, Болгар, Канадын мужууд (Британийн Колумб, Манитоба, Нью-Брансвик, Ньюфаундленд ба Лабрадор, Нова Скотиа, Онтарио ба хунтайж Эдвард арал), Чили, Эстони, Финланд, Гүрж, Индонез, Итали, Латви , Литва, Перу, Польш, Португал, ОХУ, Серби, Словак, Испани, АНУ.

Сонирхуулахад гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгээс энэ төрлийн судалгаа хийсэн байдаг.

Судалгаанаас үзэхэд Монгол хүүхдүүд өрхийн төсвийн оролцоо бага гарчээ.

Энэ нь өрхийн төсөв тооцоо бүртгэх арга аргачлал байдаггүйтэй, эцэг эх нь энэ талын мэдээллийг хүргэж чаддаггүй, эдийн засгийн зөв хүмүүжлийг бий болгодоггүйтэй холбоотой хэмээн дурджээ.