Хүүхдэд санхүүгийн мэдлэгийг багаас нь заах нь амьдрах ухаан суулгах чухал хүчин зүйл юм. “Санхүүгийн амьдралтай болох нь” номын зохиолч Беф Коблинер хүүхэд 3 наснаасаа мөнгө хадгалах, зарцуулах зэрэг санхүүгийн анхан шатны ойлголтыг авч чаддаг гэж дурдсан байна. 

Эцэг эх хүүхдэд санхүүгийн сахилга бат суулгах хамгийн чухал нөлөө байдаг. Ингэснээр ухаалаг хэрэглэгч, хөрөнгө оруулагч, хадгалагч болгож өсгөнө гэсэн үг юм. Форбес хүүхдэд насанд нь тохирсон санхүүгийн хичээлийг нийтэлснийг дор танилцуулж байна. 

Хичээл 1: Авахыг хүссэн зүйлээ хүлээх хэрэгтэй 

Энэ ойлголт нь хүүхдэд гэлтгүй бүх насныханд хэцүү ойлголт. Энэ насны хүүхдэд юм авахыг хүсвэл хадгалж, хүлээж авахыг зааж өгөх хэрэгтэй. Энэ нь суурь чадвар болох юм. Жишээлбэл, хүүхэдтэйгээ дэлгүүрт ороход хүүхэд ямар нэгэн зүйлийг авахыг хүсвэл “Бидэнд үүнийг авах мөнгө байхгүй” гэж хэлэх хэрэгтэй. Ингэж хэлж дадсанаар хүүхэд дэлгүүр орно гэдэг нь хүссэн бүхнээ авна гэсэн үг биш болохыг ойлгоно. 

Жишиг дасгал: 

Дугаарлан зогсож байхдаа, хүүхэдтэйгээ аливаа зүйлийг авахдаа хүлээх нь илүү чухал болохыг ярилцах. 

3 сав (шил)  бэлдээд тус бүрд нь “Хадгалах”, “Зарцуулах”, “Хуваалцах” гэж нэрлэж тэмдэглэх. Хүүхэд ээж аавын найзууд, эмээ өвөөгөөсөө мөнгө авах бүрт нь гурван тэнцүү хуваагаад 3 саванд нь хийх. “Зарцуулах” савыг чихэр, жигнэмэг зэрэг хямдхан зүйл авахад нь хэрэглэнэ. “Хуваалцах” савыг хэн нэгэнд мөнгө хэрэгтэй үед хандивлах, зээлэх зорилгоор хэрэглэнэ. “Хадгалах” савыг илүү үнэтэй зүйл авахад нь хэрэглэнэ. 

Хүүхэдтэйгээ зорилго тавих. Энэ нь тоглоом авах, хувцас авах аль нь ч байж болно. Гэхдээ хэтэрхий үнэтэй зүйлд зорилго тавиад хэрэггүй. Тэгвэл худалдаж авах гэж их удах учраас хүүхдийн сонирхол буурна. Зорилгоо тавихдаа авах зүйлээ тодорхойлохын хажуугаар хугацаа заах хэрэгтэй. Энэ хугацаа нь бас хэт удаан байж болохгүй. Хүүхэд өөрийн савнаас мөнгө авах бүрд хэдэн төгрөг байгаа, зорилгодоо хүрэхэд хэдэн төгрөг хэрэгтэй, хэдэн төгрөг үлдсэн зэргийг нь хамт тоолж өгөөрэй. Энэ арга нь хүүхдэд зөвхөн санхүүгийн сахилга бат суулгаад зогсохгүй, хүүхдэд хүлээхийн ач холбогдлыг зааж тэвчээр суулгах болно. 

6-10 нас

Хичээл 2: Мөнгөө зарцуулахдаа сонголт хийлгэ 

Энэ насанд хүүхдэд юмсыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ялангуяа мөнгө бол хязгаартай зүйл учраас ухаалаг сонголт хийх нь маш чухал болохыг ойлгуулах. Энэ насанд хадгалах, зарцуулах, хуваалцах, зорилго тавих аргуудыг ашиглаж болно. Хүүхдэдээ санхүүгийн шийдвэр гаргалтандаа оролцуулах, санал бодлыг нь авч хэлэлцэх хэрэгтэй. 

Жишиг дасгал: 

Хүүхдээ санхүүгийн шийдвэр гаргалтанд оролцуулах. Жишээлбэл, гал тогооны алчуурыг бөөнд нь авах нь илүү хямд байдаг талаар ярилцах. Яагаад ₮2,500-ийн биш ₮2,000 ундаа худалдаж авснаа ярих. 

Дэлгүүрт ороод хүүхдэдээ өөрийн мэдлийн ₮1,000-2,000 төгрөг өгөөд өөрөөр нь сонголт хийлгэх. 

Дэлгүүрт хамт явж байхдаа, санхүүгийн шийдвэрээ ярилцах. Жишээлбэл, бидэнд тухайн авсан зүйл нь хэрэгтэй байсан уу? Өнөө оройн хоолонд ногоо авах хэрэгтэй юу? Хямдралтай бараанаас авсан нь дээр үү гэх мэт. 

11-13 нас 

Хичээл 3: Аль болох эрт хадгалах тусам, хүү нь нэмэгдэнэ 

Энэ насанд зорилгоо богино хугацааны биш урт хугацааны болгоорой. Хүүхэддээ хүүгийн талаар заажөгч, хуучин хадгаламжийн хүү, хадгаламж хоёроосоо хоёулангаас нь хүүгийн орлого олж болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. 

Жишиг дасгал: 

Энэ насны хүүхэд тоо мэддэг болсон байх учраас хүүхдэдээ хүүгийн тухай тоогоор тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, 14 наснаасаа жил бүр ₮100,000 төгрөг хадгалбал, 65 насандаа ₮23,000,000 төгрөгтэй болно. Хэрвээ 35 наснаасаа ₮100,000 төгрөг хадгалбал, 65 насандаа ердөө ₮7,000,000 төгрөгтэй болно. 

Хүүхэддээ хүү тооцоолох вебсайтуудыг танилцуулаад өөрөөр нь бодуулах. Жишээлбэл, банк, банк бус санхүүгийн байгууллагын вебсайтууд хүү бодож, тооцоолох функцтай. 

Хүүхдэдээ тоглоомоос өөр илүү үнэтэй урт хугацааны зорилго тавьж өгөх. Энэ “алдагдсан боломжийн өртгийг” зааж өгөх арга юм. Авахыг хүсч байгаа зүйлээрээ өөр юуг авч болох байсан бэ гэдгийг зааж өгөх юм. Энэ насанд хүүхэд янз бүрийн зүйл авахыг хүсдэг учраас хадгалахыг нэг их зорихгүй. Жишээлбэл, хүүхдэдээ өдөр болгон хичээлийн дараа чихэр авч иддэг мөнгөө хадгалж, өөртөө таблет худалдаж авахыг зөвлөх. 

14-18 нас

Хичээл 4: Ирээдүйд сурах их дээд сургууль сонгохдоо сургалтын төлбөрүүдийг нь харьцуул 

Их сургуулийн төлбөр тооцдог вебсайтууд бий. Тэнд дан ганц сургалтын төлбөр биш, мөн сурахад ямар нэмэлт зардал гардаг тухай байдаг. Хүүхдэд их дээд сургууль төгссөний дараа сургууль төгсөөгүй хүмүүстэй харьцуулахад хэд дахин өндөр орлого олох боломжтойг ч тайлбарлаж өгч боловсрол эзэмших нь хэр үр дүнтэй хөрөнгө оруулалт болохыг ойлгуулах юм. 

Жишиг дасгал: 

Хүүхдэдээ сургалтын төлбөрт нь жил бүр хэдэн төгрөг хадгалдгаа ярьж өгөх. Энэ бол эцэг эх хүүхдийн хооронд явагдах маш чухал сэдэв. Хүүхдэдээ гэр бүл хэдэн төгрөгийн орлого олдог, хэдэн төгрөгийг сургалтын төлбөрт хадгалдаг, зарцуулахаар төлөвлөж байгаагаа шударгаар ярилцсанаар хүүхэд хаана сурах, хэрхэн сурах талаар бодит төлөвлөгөөтэй болно. Үүнээс гадна, хүүхдээрээ сургалтын сангийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн боломжуудыг өөрөөр нь судлуулах хэрэгтэй. 

Их дээд сургуулийн карт хийлгэх. Энэ картанд сурахыг хүссэн сургуулийг нь жагсаагаад, төгсөгчдөд олдон ажлын байрны боломжууд, хэр өсөх ирээдүйтэй, хэр их цалин авдаг зэргийг нь өөрөөр нь судлуулж бичүүлнэ.