Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийж байна.

С.Баярцогт: 

Сар орчмын өмнө Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийсний 10 жилийн ой болж өнгөрсөн. Энэ ойг төр засгийн зүгээс ч Оюутолгой компаниас ч мэдэгдэл хийгээгүй, дуугүй өнгөрсөн. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол гуравдагч орноос хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байлаа. Цаг хугацааны алтан боломжийг ашиглаж томоохон гэрээг хийж байжээ. Гэрээний дагуу 6 сарын дараа хүчин төгөлдөр болсон. Иймээс энэ гэрээний ажлын хэсэгт багтсан нийт төрийн албан хаагч болон хэлэлцэж баталсан тухайн үеийн Засгийн газар, Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх ёстой. 

Өнөөдөр би хэвлэлийн бага хурлаараа "Оюутолгой төслийн 2019 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд" гэдэг нэртэй номоо танилцуулах гэсэн юм. 500 гаруй хуудастай учраас их хэмжээний эмхэтгэл багтсан. Ном гаргалаа гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Бичих үндэслэл надад бий.

Намайг Оюутолгойн хэрэгт холбогдуулан АТГ-аас сэжигтнээр татаж Эрүүгийн хэрэг үүсгэж 73 хоног хорьсон. Гэрч сэжигтнээр татсан үндэслэл нь Оюутолгой гэрээний Монголд ашигтай нэг заалт, Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгоход Монгол Улсад үр өгөөжийг 443 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зэргийг буруутгасан. Энэ үндэслэлээр намайг хорьж хэлмэгдүүлсэн. 

Би эндээс манай захим хууль хүчний байгууллагууд гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Дараа АТГ-аас 4 бүлэг шинжээч томилсон. Шинжээчийн багт банкны чиглэлийн мөн МУИС-ийн багш нар, аудитын компани нөгөө нь ТЕГ-ын байцаагч нараас бүрдсэн. Эдгээр шинжээч нарын 3 нь Оюутолгойн гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин гэрээний хэрэгжилтийг хангах ёстой ТЕГ-ын 5 байцаагч нараас бүрдсэн шинжээч нар олон хууль зөрчиж, хохирол учруулсан байж болзошгүй гэж үзсэн. Тэр үед гэрээг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагч нар мэдээлэлгүй байгаа нь харагдсан. Уг нь гэрээ болон гэрээг хэрэгжүүлэх хоёр тусдаа ойлголт шүү.

41 зүйлийг хөндсөн хэрнээ нягтлаад үзэхээр 97 хувь нь алдаатай, үлдсэн хувь нь хууль хэрэгжилттэй холбоотой зүйл байгаа юм. Энэхүү Татварын ерөнхий газрын шинжээч нар дүгнэлт гаргахдаа УИХ-ын хууль тогтоох, Засгийн газрын гүйцэтгэх бүрэн эрхэд халдсан. Дээрээс нь дүгнэлтээ гаргахдаа хуулийн зүйл заалт дээр үг үсэг нэмсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний бүтэн зүйл заалтыг биш хэдхэн өгүүлбэр дээр ажилласан. Мэдээж энэ бүхэн дээр үндэслээд гарсан хуулийн байгууллагын шийдвэрээс болж Оюутолгой компаниас авах ёстой олон төрлийн татвар дутуу авах эрсдэлтэй. Иймээс сэрэмжлүүлэх ёстой.

Заавал хэлэх нэг зүйл нь улс төржилт. Зарим улс төрчид энэ гэрээг 5 жил нууцын зэрэгтэй байсан мэтээр ярьж иргэдийг төөрөгдүүлсэн. Тийм учраас би шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах ёстой юм байна. Ингээгүй цагт үр дагавар нь Монгол улс хохирох гээд байна. Сайныгаа олуулаа хувааж, саар юм аа хэн нэгэн рүү чихдэг муухай зан бидэнд бий.

Энэ номд Оюутолгойн гэрээ англи монгол хэлээр багтсан. Тухайн үед хүчин төгөлдөр байсан гол 6 хуулийг Засгийн газрын гишүүдийн хэлсэн үгс, шинжээчийн дүгнэлт ч бий. Эцэс нь хэлэхэд гэрээг хэрэгжүүлэхэд гарсан алдааг гэрээ рүү чихэж болохгүй. Би өмнө нь ч хэлж байсан энэ гэрээний төлөө авлига хээл хахуулд холбогдоогүй.   

Энэ бол С.Баярцогт эсвэл С.Баярын гэрээ биш. Монгол Улсын Засгийн газрын гэрээ юм. Тийм учраас нийтийн хүртээл болтол нь сурталчилж, ойлгуулахаар шийдсэн.