Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Х.Оргил
01 сарын 18, 2021

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм. Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ. Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Албан бичигт,

Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм. Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан. Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал,

  • Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;
  • Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай. Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

Холбоотой сэдвүүд

оюутолгой оюутолгойн гэрээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.