Саруулын Ариунжаргал
07 сарын 16, 2019
КАНБЕРРА. /CNBC/. Монгол Улс дахь “Оюу Толгой” зэсийн далд уурхайн төслийн хуваарь болон зардлын талаарх шинэ мэдээллүүдийг “Rio Tinto” компани мягмар гарагт танилцуулжээ.
"Геологийн асуудлуудын улмаас “Оюу Толгой” далд уурхайн төслийн зардал цаашид 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараас хойшилж магадгүй байна" гэж “Rio Tinto” компаниас мэдээлжээ.
Дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болох төлөвтэй байгаа уг төслийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хянах өрөөний байгууламж, эрүү бутлуурын систем зэрэг дэд бүтцийн зарим гол ажил дуусаж, 3, 4 дүгээр босоо амын барилгын ажил үргэлжилж байна. Мөн 2 дугаар босоо амыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.
“Хөрсний нөхцөл урьдчилан таамаглаж байснаас илүү хүндрэлтэй байгаа тул бид төлөвлөгөөгөө дахин хянах хэрэгтэй болсон. Том хэмжээний төслийн хувьд хугацаа хойшлох нь хэвийн үзэгдэл” гэж “Rio Tinto” компанийн мэргэжилтэн Стивен Макинтош хэлжээ. Мөн тэрбээр, “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дахин хянаж, өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан тохиолдолд ирэх наймдугаар сарын 1-нд мэдэгдэнэ хэмээн нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.