Цагаан сараар хонины ууц, үхрийн өвчүүний алийг нь тавих ёстой вэ, хэдэн үе идээ засах нь ёс төрд нийцэх вэ ? Энэ талаар МУИС-ийн нийгэм соёлын антропологийн танхимын багш, угсаатан зүйч С.Бямбадоржоос тодрууллаа.


-Цагаан сараар өвчүү тавих ёсгүй гэсэн яриа гараад байна. Мөн ууц тавих эсэх дээр янз бүрийн яриа байдаг шүү дээ. Үүн дээр угсаатан зүйч хүний хувьд ямар тайлбар байх вэ?

-Ер нь хонины ууц тавина гэдэг бүхэл хонь л тавьж байна гэсэн үг шүү дээ.  Гэхдээ ууц тавих боломжгүй нэгэн байж болно. Энэ тохиолдолд заавал том бага идээ шүүс тавина гэхээсээ илүү амны бэлгээрээ л засаад засдаг. Жишээлбэл хонийг бүхлээр нь төлөөлөх олон мөч мах бий. Дал, дөрвөн өндөр гэдэг бүтэн хонийг төлөөлдөг.  Тэгэхээр том багын хэмжээ энэ дээр яригдах ёсгүй гэсэн үг. Монгол түмний цагаан сарын баяр нь тэр чигээрээ бэлгэдлийн үйл юм гэдгийг бид бодож явах ёстой юм.

Бичлэг үзэх:


-Тэгвэл цагаан сарыг угсаатан бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэх нь зөв гэж ойлгож болох уу?

-Зөв байлгүй яахав. Учир нь энэ бүхэн тухайн нутгийн заншил, угсаатны соёлын л илрэл. Угсаатны өвөрмөц ялгаатай байдал нь соёлыг баяжуулдаг онцгой зүйл. 

Олон янзын цэцэг нийлээд маш сайхан цэцгийн баглаа болдогтой ижил зүйл. Соёл гэдэг тухайн угсаатан, орон нутгийн соёлын ялгамжааг илүү тодруулан хадгалдаг.  


-Чухам хэдэн үе идээ засах вэ гэдэг дээр мөн л янз бүрийн яриа байдаг. Аль нь зөв юм бол?

-Манайханд цагаан сараар заавал том, нүсэр таваг засах ёстой юм шиг боддог, үүнийгээ ёс төр биелүүлж байна гэж эндүүрдэг тал бий. 

Монголчууд цагаан сарын баярын гол идээгээ хамгийн дээд тал нь 9 үе идээ засдаг. Ийм идээг төрийн тэргүүн, 100 нас давсан ахмад, ураг удмынхаа хамгийн хүндтэй хүн нь л тавьдаг. Жирийн хүн 9 үе идээ засвал хүндэднэ гэж үздэг шүү дээ. Тиймээс 9, 7, 5 үе бүр 3 идээ ч тавьж ирсэн. 

-Энэ тал дээр эрдэмтдийн байр суурь янз бүр байдаг. Энэ тал дээрх таны байр суур?

-Яг үнэндээ алийг нь ч хөндлөнгөөс буруу, зөвөөр нь дүгнэж хэлэх ёсгүй. Ялангуяа судлаачдад ингэж дүгнэж хэлэх эрх байхгүй. Яагаад ч аль нэгийнх нь буруу байх үндэсгүй. 

Хэн нэгэн хүн ямар нэгэн санал хэлээд тухайн угсаатны бүлгийн зан заншлыг өөрчилж чадахгүй. Тийм учраас бид наадам, цагаан сарын баяртаа ухамсартайгаар хандах ёстой.