МУИС-ийн Антропологи, археологийн багш, угсаатан зүйч С.Бямбадорж битүүлэх ёсыг хэрхэн хийх талаар мөн заавал цээрлэх зан үйлийг тайлбарласныг эрхэм уншигч танд хүргэж байна.

Бичлэг үзэх:

Битүүлэх ёс буюу монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээ

“Сүүлийн үед битүүний өдөр битүүртлээ хоол идэх ёстой гэсэн ойлголт бий болчихжээ. Бас цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэсэн үг ч бий. Эндээс харахаар энэ өдөр амаараа гартлаа хоол иднэ гэсэн утга, нөгөө талдаа монголчууд дандаа өлсөж явсан ард түмэн юм шиг тайлбарлах хүн ч гараад ирж мэднэ. Гэтэл энэ үгийн утга нь өөр юм шүү дээ. Цаг цагт нэг цаддаг гэдэг нь нүүдэлчдийн амьдралын хэв маягийн илэрхийлэл. Нүүдэлчид дандаа хонио хагалж идээд, үргэлж гэдэс цатгалан явна гэж байхгүй. Ер нь нүүдэлчин ард түмэн хоолонд төдийлөн ач холбогдол өгдөггүй онцлогтой. Тэгэхээр монголчууд цагаан сараараа ууц шүүсээ тавьж, айл болгон чадах хэрээрээ л элбэг хангалуун байхыг хичээдэг гэсэн утга юм. 

Үүнээс үзэхэд “Цагт цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэдэг нь” монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээтэй л холбоотой үг юм. Цаадах учир нь шууд идэж уухтай холбоотой үг биш.

Битүүний үндсэн хоол нь махан зоог. Битүүлнэ гэдэг битүү хоол идэх гэсэн агуулга юм. Монголчуудын хувьд хонины шүүсээ хүртдэг. 

Харин шинийн нэгний үндсэн зоог бол буянтай хоол буюу будаа юм. Зарим нутагт цагаалга ч гэж нэрлэдэг. Нутаг нутагт өөр өөрөөр нэрлэдэг. Цагааг буцалгаж гэр хотлоороо амссан цагт "цагаалган болж" байна гэж үздэг. 


Битүүний өдөр хичээхийн учир

Билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт саран үл үзэгдэх битүү харанхуй болдог. Тийм учраас битүүн гэж нэрлэдэг. Хав харанхуй учраас энэ өдөр хүн бүр хариуцлагатай байх ёстой. Учир нь энэ өдөр дараа жилийнхээ сайх сайхан бүхнийг урьтлыг тавих учиртай юм.

Тийм учраас монгол хүн битүүний өдрийн зан үйлдээ тун их ач холбогдол өгч, хүндэтгэлтэй ханддаг.  Алдаа гаргахгүйг хичээдэг, муу үйлийг цээрлэж ирсэн уламжлалтай.

Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулсны дараа гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээнэ.

Зүүн тотгон дээрээ өргөс бүхий харгана шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаана. Эрүү хэлийг нь заагаагүй битүү толгой чанаж бурхандаа тахил болгон өргөж хамар, чих, эврийн уг, нүх сүв, хотгор хэсэгт шар тос түрхэж тавьдаг. Бурхан шүтээндээ зул хүж барина. 

Маргааш өмсөх шинэ дээл хувцасаа зэхэх гээд бүхий л зүйлээ бэлдэж зэхдэг. Эхний од гарах үед идээ шүүсээ засдаг. Энэ бол маш хүндтэй үйл тул хэн дуртай нь биш  гэрийн эзэн, эзэгтэй нар л оролцоно. Үүний дараа ширээнээ сууцгааж, гэрийн эзэн битүүрэх зан үйлийг эхлүүлнэ.  


Битүүний өдрийн хорио цээрийн ёс 

Битүүний өдөр олон айл хэсэж тэнүүчлэх, хүүхдээ зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчинд эм тан уухыг цээрлэдэг.

Бидний бага байхад битүүний шөнө хүүхэд хөгшидгүй бужигналдаад л хонодог байлаа. Бараг унтана гэж үгүй. Ер нь хүүхэд, өндөр настнуудаас бусад нь унтахыг цээрлэж алаг мэлхий өрж тоглодог. Энэ нь ч бас утга учиртай. 

Балданлхам бурхан ийнхүү битүүний шөнө хүний ертөнцөд зочлон ирж амьд бүхний зовлонг нимгэлдэг тул өрх айл болгон гэрийн тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луусыг нь услах гэсэн санаа бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгоно өргөнө. Нөгөө талдаа Балданлхам бурхан энэ ертөнцийн амьд амьтдыг тоолдог  хэмээн үздэг тул ийнхүү эрт унтахыг цээрлэдэг гэсэн домог бий. 


Алаг мэлхий өрнө гэдэг нь зөвхөн цэнгээний төдий зорилгоор биш зан үйлийн үүднээс тоглодог наадгай юм. Энэ нь ертөнц бий болсон үйл явдлыг л эхлүүлж, хүн амьтны жаргалтай  цагийг бэлгэддэг. Нэг жил улиран одож, дараагийн жил эхлэхэд ертөнц ахиад шинээр бий бож, жаргалтай цаг ахиад ирнэ.

Бичлэг үзэх: