ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ээлжит хурлаараа Монгол Улс саарал жагсаалтад багтсан талаар мэдээлсэн билээ. Саарал жагсаалт тойрсон маш олон асуудал эргэлзээ, хариуцлагын тухай ид яригдаж буй энэ үед уг асуудал дээр СЗХ-ны дарга С.Даваасүрэн хэвлэлийнхэнд тодруулга өглөө.

С.Даваасүрэн:

Саарал жагсаалтаас гарахын тулд СЗХ төдийгүй санхүүгийн бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Энэ бол Монгол Улсын макро эдийн засагтай холбоотой ажил. ФАТФ хоёр жилийн өмнө 2013-2016 онд хийсэн ажлыг дүгнээд маш олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах хэрэгттэй юм байна гэсэн зөвлөмж өгсөн байдаг. 2019 оны 8 дугаар сарын байдлаар СЗХ-оос шууд хамаарахаар 10, шууд бус хамтарч хэрэгжүүлэхээр 15 үзүүлэлт бүхэн дээр  бид шат ахиулж ажилласан. Сүүлд ФАТФ-аас өгч буй дөрвөн асуудал бол СЗХ-нд цоо шинэ зохицуулалтаар орж ирж байгаа асуудал юм. 

Үүнийг зарим хүн мэдэхгүй учраас хороо энэ ажлаа өмнө нь хийхгүй яасан юм гэх маягаар хандаж байна. Энэ асуудал нь санхүүгийн бус бизнес эрхлэгчидтэй холбоотой ажил байгаа юм. Хэдийгээр энэ асуудлыг зайлшгүй зохицуулах ёстой боловч зохицуулалт хийдэг байгууллага алга. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар энэ асуудлыг СЗХ-нд өгсөн. Тухайлбал алт үнэт металийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах нөгөө нь үл хөдлөх зуучлалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах талаар заасан байгаа. Энэ бол цоо шинэ зүйл. Дэлхийн хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагааг СЗХ хариуцдаггүй. Манайд энэ төрлийн үйл ажиллагааг хамгийн ойр зохицуулах боломжтой байгууллагыг СЗХ гэж үзсэн хэрэг. 

Цаашдаа энэ асуудлыг цэгцэлнэ. Хоёр хоногийн өмнө АХБ-тай энэ талаар ярьсан. Юуны түрүүнд Монголд үнэт металийн бизнес эрхлэгч байгааг тодруулах зэргээр хэд хэдэн тоо гаргаж цэгцлэх ажил эхэлнэ. Дараа нь зохицуулалтын ажлыг үе шаттайгаар хийх болно. Харин энд дурдахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд үнэт цаасны болон даатгалын зах зээл ББСБ-ууд хадгаламж зээлийн хоршоодод урьд өмнө байгаагүй өсөлт бий болсон. 2016 оны дүнтэй харьцуулахад 200 хувь өссөн. Энэ өсөлтгүйгээр тухайн салбарын хөгжлийг ярих боломжгүй.