Х.Оргил
08 сарын 21, 2019
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлынх нь талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хуралд манай улс тайлангаа танилцуулж байна. Энэ тайлан Монгол Улс саарал жагсаалтын гадна үлдэх эсэхийг шийдэх байх. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?
-2016 оноос эхлээд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам болон хамтын ажиллагааны зөвлөлд орж байгаа бусад хууль хяналтын байгууллагуудын хамтаар маш их ажил хийсэн. ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 20-ийг нь хангаж ажиллахад манай Хороо хүчин чармайлт гаргаж ажиллалаа.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Засгийн газрын баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг”-ээс гаргасан зөвлөмжүүд, ФАТФ -аас гаргасан 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ‘Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай’ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажилласны зэрэгцээ, зохицуулалтын орчныг сайжруулах, санхүүгийн байгууллагуудын эрсдэлийг үнэлэх, холбогдох хяналт, шалгалтыг хийх, сургалт зохион байгуулах, мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэлтээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах чиглэлээр эрчимтэй ажиллалаа.
Цаашлаад Хороонд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан бие даасан нэгжийг байгуулан ажиллаад байна.
2017 оны Харилцан үнэлгээний тайланд, Монгол улсын МУТС-тэй тэмцэх тогтолцоонд өгсөн үнэлгээгээр ФАТФ-ын 40 зөвлөмжийн 5 нь бүрэн хэрэгжилттэй, 15 нь хэрэгжилттэй, 15 нь хэсэгчлэн хэрэгжилттэй, 5 нь хэрэгжээгүй байсан бол 2019 оны байдлаар нийт 15 зөвлөмж ахисан үзүүлэлттэй байгаагаас 14 нь Хорооны үйл ажиллагаанд хамааралтай байгаа юм.
Мөн “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг”-ээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан 16 ажлыг бүгдийг бүрэн хэрэгжүүллээ.
-Та энэ талаар тодруулж яриач?
-Зохицуулалтын орчныг сайжруулахын тулд“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-ыг холбогдох загвар, аргачлал, маягтын хамт баталсан.
Банкнаас бусад санхүүгийн салбарт хамаарах зах зээлүүдийн онцлогт нийцүүлэн, Хороо “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, “Даатгалын багц дүрэм”, “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага” зэрэг эрх зүйн актуудад MУТС-тэй тэмцэх зохицуулалтын нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчиллээ.
Олон улсын валютын сангийн зөвлөмжийн дагуу “Банкнаас бусад санхүүгийн салбарын мөнгө угаах эрсдэлийн үнэлгээ”-г хийлээ. Үнэлгээг Улаанбаатар хот болон 21 аймгийн 1121 санхүүгийн байгууллагад хийсэн.
Үнэлгээнд үндэслэн “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг”-ээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу дундаж болон өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн нийт 248 байгууллагуудад МУТС-тэй тэмцэх хяналт шалгалтыг хийх төлөвлөгөө гаргаж ажиллалаа. Төлөвлөгөөний дагуу 2019 оны эхний хагас жилд нийт 86 хуулийн этгээдэд газар дээрх хяналт, шалгалтыг хийн, илэрсэн зөрчилд захиргааны хариуцлага тооцох, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Түүнчлэн Санхүүгийн 5 салбарын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгохоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллаж байна.
-Та бүхэн банкнаас бусад санхүүгийн салбарын мөнгө угаах эрсдэлийн үнэлгээг хийхдээ их хүч гаргажээ?
-2017 онд манай улсад “Эрсдэлийн үнэлгээ” гэж байгаагүй нь биднийг ФАТФ-ийн саарал жагсаалт руу хөтлөхөөр байсан. Хороо энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч санхүүгийн таван салбарт эрсдэлийн үнэлгээ хийж, бүх албан хаагчдаа оролцуулан ажиллалаа. Монголбанкны санхүүгийн дэмжлэгтэйгээр үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний түүвэр судалгааг хийлээ.
-Олон улсад үл хөдлөх хөрөнгийн салбарт “бохир” мөнгө эргэлдэх эрсдэл өндөр гэдэг. Энэ чиглэлд хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Бид 2018 онд “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ”-г хийсэн. Үнэлгээгээр энэ салбар “дундаж” эрсдэлтэй гарсан. “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг”-ээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх “Үл хөдлөх хөрөнгийн зуучлалтай холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
-СЗХ, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой ойлголт, мэдээллийг таниулах, түгээх чиглэлээр хэр ажиллаж байна вэ?
-Хороо зохицуулалттай этгээдүүдэд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль болон бусад холбогдох дүрэм, журам мөн олон улсын стандарт, одоогийн нөхцөл байдал, МУТС эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар ойлголт өгөх зорилгоор 2018 онд Улаанбаатар хот болон 21 аймагт сургалт зохион байгуулсан. 2019 онд 4 ажлын хэсэг байгуулж, баруун, төвийн, зүүн, говийн бүс нутагт нийт 2000 орчим санхүүгийн байгууллагыг хамруулсан сургалт, Өвөрхангай, Баянхонгор, Говь Алтай, Ховд аймгуудад “Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиглэл”–ээр өдөрлөг, сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
2018, 2019 онд санхүүгийн салбарын комплаенс форумыг, комплаенс, ёс зүй сэдэвт сертификатжуулах сургалтыг тус тус зохион байгууллаа. Бид МУТС үйл ажиллагаатай холбоотой ойлголт, ухагдахуун бүхий гарын авлагыг боловсруулж гаргасан. Ингэснээр ямар журмаар зохицуулалтыг хийх, сэжигтэй гүйлгээг хэрхэн танин мэдэх, орлогын эх үүсвэрийг яаж баталгаажуулах вэ гэдэг мэдээллийг тодорхой болгож өгсөн.
-ФАТФ-ын хуралд манай улс тайлангаа хэр хамгаалах бол гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж байна. Бид саарал жагсаалтад орох эрсдэлээс гарч чадах болов уу?
-Бид ФАТФ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Монгол Улс саарал жагсаалтад орохгүй байх, эрчимтэй хяналтаас гарахын төлөө хичээн ажилласан ажлынхаа үр дүнд эерэг хүлээлттэй байна. Цаашид ч ФАТФ-ын зөвлөмжүүдийг дагаж, хэрэгжүүлэх ажлыг тогтмолжуулна. Бидэнд хийх, хэрэгжүүлэх ажил багагүй байна.