Өнөөгийн  байдлаар дэлхийн хэмжээнд нийт улс орнуудын дунд биеэ үнэлэлт (цаашид мөн сексийн  үйлчилгээ гэж давхар нэрлэгдэх)-ийг хуулиар зохицуулахтай холбоотой ерөнхий 4 төрлийн загвар, чиг хандлага байна.  

Эдгээр  нь

- Сексийн үйлчилгээг бүр мөсөн хориглосон Аболишинист загвар

-Сексийн үйлчилгээг зөвхөн эрхлэх зөвшөөрөл бүхий газар буюу “бродель”-уудад зөвшөөрсөн Невада загвар,  

-Зөвхөн үйлчлүүлэгчийг хариуцлагад татсан Нордик загвар,  

-Сексийн үйлчилгээг бүрэн хэмжээнд хуулиар хүлээн зөвшөөрсөн Регулэйшинист загвар гэсэн загвар юм.

 Манай улсын хувьд 1998 оноос хойш Аболишинист хандлагаар буюу сексийн үйлчилгээг бүрэн хэмжээнд хуулиар хориглож ирсэн.

Гэсэн ч 21 дүгээр зуун гарснаас  хойш  дэлхийн  улс  орнуудын ихэнх  нь сексийн үйлчилгээг хуулиараа бүрэн хэмжээнд болон хэсэгчлэн хүлээн  зөвшөөрөх буюу үлдсэн 3 загварыг сонгох болсон. Харин хуулиар сексийн үйлчилгээг зөвшөөрөх болсон улс орнууд Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Австри  Улс, Бүгд Найрамдах Кипр Улс, Холбооны Бүгд найрамдах  Герман Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Нидерландын Вант Улс, Швейцарын Холбооны Улс зэрэг улс юм.

Ихэнх нь биеэ үнэлэлтийг бүр мөсөн устгах амаргүйг  ойлгоод биеэ үнэлж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэднийг хууль хяналтын байгууллагад ямар ч нөхцөлд хандах боломжтой, мөн илүү эрүүл, аюулгүй орчноор хангахын тулд сексийн үйлчилгээг хуулиараа хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Жишээ нь Бүгд Найрамдах Турк Улс бэлгийн замын өвчний тархалт болон эмэгтэйчүүд, насанд  хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг багасгахын тулд биеэ үнэлэлтийг хэсэгчлэн хүлээн  зөвшөөрчсексийн үйлчилгээ үзүүлэх газар буюу “бродель”-уудад биеэ үнэлэх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.


Шинэ Зеланд Улс энэ салбар дахь иргэдийнхээ жагсаал цуглаан хийж, тавьсан шаардлагад үндэслэн биеэ үнэлж буй иргэдийн хүний эрхийг хамгаалахын тулд биеэ үнэлэлтийг бүрэн хэмжээнд хуулиар зохицуулсан байна.

Харин Монгол Улс одоогийн энэ хандлагаар явах ёстой юу? 

Манай улсын биеэ үнэлж буй иргэд биеэ үнэлэгч гэдэг нэр дор бус Монгол Улсын иргэн гэдгээрээ Үндсэн хууль болон Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан үндсэн эрхүүдээ эдэлж чадаж байна  уу?

Үндэсний статистикийн хороо болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран  гаргасан 2010 оны судалгаанаас үзвэл биеэ үнэлж байгаад үйлчлүүлэгчдийн зүгээс гэмт хэрэгт өртсөн иргэдийн ердөө 47,3 хувь нь цагдаагийн байгууллагад ханддаг байна.

Сексийн үйлчилгээ үзүүлэх нь хууль бус байгаатай холбоотойгоор биеэ үнэлэх явцдаа гэмтэл бэртэл авсан, хүчиндүүлсэн, дээрэмдүүлсэн бусад гэмт хэрэгт  өртсөн тохиолдолд биеэ үнэлж буй иргэд гэмт хэргийг мэдээлэн хууль хяналтын байгууллагад хандаж чаддаггүй. 

Энэ талаар дорвитой хийсэн статистикийн болон хууль эрх зүйн орчны судалгаа 2010, 2011 онуудаас хойш алга.

Энэ сэдэв өөрөө эмзэг, нийтийн ёс зүй, зан заншил, бэлгийн амьдрал гээд  олон талаараа  төвөгтэй нийгмийн харилцаатай холбоотой.   

Гэхдээ муу, муухай болохгүй юм гээд, нүдээ аниад нийтээрээ буруу хараад зогсохгүй, эсвэл  мэдээллийн хэрэгслээр гарч буй 20 настай залуухан эр уйлах шахан сурвалжлагчийн гутаан доромжилсон асуултад хариу өгч байгааг хараад элэглэж дооглохгүйгээр энэ асуудлаар толгойгоо гашилгасан  улс  орнууд  хэрхэн  шийдсэн байна гэдгийг эргэж хармаар байна.


Судлаач Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторант, Турк Улсын Энергийн маргааны арбитрын Япон Улс дахь төлөөлөгч Мөнхнаран

Судалгааны нийтлэлийн дэлгэрэнгүйг энд дарж үзэх: