УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж байна.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Халдварын тархалтын мөрийг долоо хоног бүрээр нь гаргаж байгаа. Сүүлийн долоо хоногт тархалт эрс нэмэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд тогтворжих түвшинд очсон. Зарим үзүүлэлт харьцангуй сайжирч, тархалтын эрчим буурч байгаа.

Гэрэгэ систем дээр нэг хүний хариу эерэг, сөрөг гарах алдаа дахин гаргахгүйн тулд байнгын хяналт тавьж, цаг үед нь шийдвэрлэн ажиллаж байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ачаалал ихтэй байна. Өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн учир эрүүл мэндийн салбарын ачаалал огцом нэмэгдсэн. Жил гаруйн хугацаанд нэлээд ачаалалтай байсан учир ажилчдын дунд ажлаас халшрах хам шинж үүсэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гол хүчийг тавин ажиллаж байгаа. Сүүлийн долоо хоногийн хугацаанд байнга зөвлөн туслах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зэргээр реседэнтүүдийг нэмж ажиллуулж эхэлсэн. Мөн хувийн хамгаалах хэрэгслээр хангах ажлуудыг тогтмол хийж буй.

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх 10.000 оношлуур ЭМЯ-нд нийлүүлэгдсэн. Эмнэлгүүдэд тараагаад хэрэглээнд нэвтрүүлсэн.

Халдвар авсан нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авах орийг Эх нялхаст бэлдсэн. Тусламж үйлчилгээ үзүүлээд явж байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүүхдүүд болон гэр бүлээрээ өвдсөн хүмүүсийг Сонсголонд байрладаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвд энэ сарын 21-нээс хүлээн авч байна" хэмээлээ.