Б.Баясгалан
05 сарын 22, 2019
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "АН үндсэн 2-3 асуудлаар мэдээлэл хийж байна.
Нэгдүгээрт, АН-аас 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөөгийн цаг үетэй харьцуулж, Монголбанктай холбоотой үйл ажиллагааны асуудлаар мэдэгдэл гаргалаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлаар УИХ дарга болон холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн байгаа. Уг асуудлыг өнөөдрийг хүртэл чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оролцуулаагүй байна. Ер нь сөрөг хүчнээс тавьж буй аливаа асуудал, мэдэгдэл шаардлагад эрх баригчид үл тоосон байдалтай хандаж, нийгэм, улстөрд тулгамдаж буй өөрсдөд нь холбоотой асуудлыг аль болох хойш нь тавих, бултуулах, бүдгэрүүлэх алхмыг хийж буй. Тэдгээрийн нэг нь Монголбанкны Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал.
Тиймээс Ардчилсан намаас дараах мэдэгдлийн гаргаж байна" хэмээлээ
Тус мэдэгдэлд:
"...Хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдоржийн гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.
/Мэдэгдлийг энд дарж бүрэн эхээр нь уншина уу/.
Үргэлжлүүлэн АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр банк санхүүгийн үйл явц тогтворгүй, Монголбанкны гаргаж буй аливаа мэдээлэл, мэдэгдэлд итгэхэд нэн бэрх нөхцөл үүсээд байна. Монгол банк 2017 онд маш өндөр зардлаар гадаадын аудитын байгууллага оруулж ирж, банкны нийт салбарын төлбөр, тооцооллын салбарт аудит хийлгэсэн. Тэгээд УИХ-ын чуулган болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж "банкны салбарын төлбөрийн чадвар тогтвортой, хэвийн байна" гэж нэлээд чанга дуугаар мэдэгдэж байсан. Тэгвэл яг үүний дараа буюу 2 жил хүрэхгүй хугацаанд банкууд түрүүчээсээ дампуурч, чанаргүй зээлийн хүү маш өндөр хувьд хүрсэн.
Олон улсын үзүүлэлтээр банк санхүүгийн хямрал нэгэнт үүсчихээд буй хариуцлагагүй байдалд хүрсэн байна. Тиймээс АН мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хүргүүлсэн шаардлагыг дэмжиж, УИХ-аар уг асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг албан ёсоо мэдэгдэж байна" хэмээлээ.
Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.