Америкийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээний үеэр Серена Виллиамс шүүгчтэй маргалдан торгуулсанаар Японы тамирчин 20 настай Наоми Осака ялалт байгуулжээ. 

Өчигдөр болсон тус тоглолтод Серена Виллиамсаас дүү, залуу тамирчин түүнээс илүү тоглолт үзүүлж байсан нь асуудал байсан бололтой. 20 настай Наоми нь ганцаарчилсан теннисний төрөлд тэргүүлж тус Grand Slamtitle хүртсэн анхны Японы тамирчин болж байгаа юм. Ажиглагчийн сандал дээр сууж байсан шүүгч Карлос Рамос, Серенаг тоглолтын үеэр дасгалжуулагчаас зөвлөгөө авсан хэмээн буруутгаснаар маргаан эхэлжээ. Дасгалжуулагчтайгаа зөвлөлдөхийг тус тоглолтын үеэр зөвшөөрдөггүй аж.

Тэрээр “Би хэзээ ч залилдаггүй. Заль хэрэглэснээс хожигдсон нь дээр. Би охинтой хүн, би түүний үлгэр дууриалал тийм болхоор би хэзээ ч хуурахгүй. Надаас уучлалт гуй” хэмээн шүүгчид хандан хэлжээ. Эхний удаад түүнийг дасгалжуулагчтай зөвлөлдсөн гэж торгосон бол сүүлд нь шүүгчийг үг хэлээр доромжилсон хэмээн дахин торгожээ.

Шагнал гардуулах ёслол эхлэхэд хүмүүс эрс дургүйцэн “Boo” хэмээн орилсоноор Осакагийн нүд нь нулимсаар дүүрсэн харагджээ. Мэдээж хайртай тамирчинаа өөр улсын тамирчинд ялагдахыг тэвчээгүй нь илт байсан байна.

Серена Виллиамс “Би бүдүүлэг байхыг хүсэхгүй байна, тэр сайн тоглосон. Энэ түүний анхны Grand Slam. Энэ дургүйцэл хаанаас үүдэлтэйг би мэднэ. Гэхдээ битгий “Boo” хашгираач” гэж хэлээд Осакад баяр хүргэжээ. Осака ч гэсэн “ Ингэж төгссөнд харамсаж байна. Серенатай тоглох нь миний хувьд мөрөөдөл байсан, биднийг үзэхээр ирсэн үзэгчиддээ баярлалаа. Би бүх зүйлд талархаж байна” гэсэн байна.