Завханы баяр наадамд харъяалал харгалзахгүйгээр бөхчүүдийг барилдуулахаар болжээ. Энэ жилийн аймгийн баяр наадамд нийт 256 бөх барилдах бөгөөд 24 сумын наадмын шөвгийн наймд үлдсэн бөхчүүд аймгийн Засаг даргын урилгаар ирж барилдах юм байна. Наадамд барилдах бөхчүүд нь зөвхөн өөрийн биеэр ирж журмын дагуу бүртгүүлэх бөгөөд тангаргын бичигт гарын үсэг зурах юм байна. Энэхүү тангаргын бичиг нь ямар нэгэн хуудуугүй, үнэнч шударга барилдах ёсыг баримтлахаа тангараглах баримт ажээ. Мөн энэ жилийн онцлог нь бөхчүүдийн оноолтыг компьютерээр хийх ажээ. Барилдах бөхчүүдэд харьяаллын хувьд хязгаар тавихгүй бөгөөд 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэл бүртгэх юм байна.

Завхан аймгийн наадмын зохион байгуулах хурдан морины салбар хорооноос анх удаа шилдэг морь цоллоочийг шалгаруулна гэв.


Тухайлбал аймгийн 24 сумын шилдгийн шилдэг зургаан морь цоллоочийг аймгийн баяр наадмаар морь цоллуулж тэднээс шилдгийн шилдгээр нэгийг нь шалгаруулж урамшуулах юм байна. Мөн эрлийз, монгол морьдыг хэрхэн ялгах тухай, хурдан морийг олон машин дагахгүй байхаар шийдвэр гаргаснаа нэмж мэдээлэв. Аймгийн баяр наадамд үндсэн зургаан нас, эрлийз гурван нас нийт 9 насны ангиллаар морьдын уралдааныг явуулахаар шийдвэрлэсэн байна. Эрлийз гурван насны морьдын уралдааныг 7 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар Баяр наадмын хөтөлбөрт орж батлагджээ. Учир нь уяачид эрлийз морьдоо монгол морьдтой хамт уралдуулчихаад дахин эрлийз ангилалд уралдуулж маргаан гаргадаг байсан байна. Үүнийг энэ жил болиулж наадмын эхний өдөр уралдуулахаар болжээ.

Эрлийз морьдыг ялгаж уралдуулна

Ингээд эрлийз морьдыг уралдуулахдаа үндэсний баяр наадамд монгол морьдоос эрлийз маорьдыг тусад нь уралдуулах журам”-ыг мөрдлөг болгон ажиллана. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие \биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл\ сэрвээний өндөрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ хэмээв. Тухайлбал азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см байна. Сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, бие \биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл\-ийн хувьд илэрхий эрлийз адууг үндсэн зургаан насанд уралдуулахгүй. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус, эрлийз, монголын алинд нь уралдуулах нь эргэлзээтэй хурдан морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас нэгээс хоёр хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 7, 8-ний өдрүүдэд Хурдан морины салбар комисст хандаж аль ангилалд уралдуулах асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэйг уяачдад сануулж байна. 

Уралдааны өмнө заасан хугацаанд шийдвэрлүүлэхгүйгээр тухайн өдөр хасагдвал хурдан морины салбар комисс ямар нэгэн гомдол, санал, хүсэлтийг хүлээж авахгүй гэлээ. Түүнчлэн нас, насны морьдын уралдаанд ердөө таван автомашин ажил үүргээ гүйцэтгэж явна. Даамлын нэг автомашин, комиссын хяналтын нэг автомашин, телевизийн нэг автомашин, хүн эмнэлэг, мал эмнэлгийн багийн тус бүр нэг автомашиныг уралдааны үеэр дагуулна гэлээ. Мөн морь шүдэлгээний газар зөвхөн мал аж ахуйн салбарын мэргэжлийн таван хүнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн тухай мэдээллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг