"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисоос хамаарал бүхий иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тулгамдсан асуудлууд” сэдвээр зохион байгууллаа. Өмнөх сарын уулзалтыг “Монгол Улсад тулгамдаж буй хар тамхины хэрэглээ, хууль эрх зүйн хяналт” сэдвээр хийх үед оролцогчид болон иргэдийн зүгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтийг гаргасан юм. 

Тиймээс бид энэ удаагийн уулзалтдаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тамхи, мансуурлын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Гантулга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч Б.Эрдэнэдалай, сэтгэл судлаач, "Донтолт ба сэтгэл зүйн зөвлөгөө" номын зохиогч Д.Мөнхцэцэг, Хар тамхи бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн нарыг урьж оролцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Илтгэгч зочид тус бүрийн мэдээлэл нь уулзалтад оролцогчдод шинэ мэдээллийг өгөөд зогсохгүй, донтох эмгэгт өртөж буй иргэдэд тусламж үзүүлэх, тэдний сэтгэл зүйн болоод бусад хэрэгцээ шаардлага, эмгэгт өртөх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нь нэн тэргүүнд хийх зүйлс гэдэгт санал нэгдэж байлаа.

Мансуурах эмгэгт автсан хүмүүст урт хугацааны эмчилгээ шаардагддаг, сэтгэл зүйн хувьд хайртай дотно гэр бүл, хүмүүсийн хайр халамжийг үгүйлэх, өөрийн үзэл бодол, сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ тааруу, үгүйлэгдэж буй "хайр"-ыг бусад зүйлсээр орлуулж байгаа хэлбэр хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байв.

"Донтолт ба сэтгэл зүйн зөвлөгөө" номын зохиогч Д.Мөнхцэцэг:

Хүн сэтгэлийн шаналалаас болж хар тамхинд ордог. Хэрэглэсэн үедээ өөрийгөө аюулгүй тайвнаар мэдэрдэг. Нөгөө талаас зан төлөв нь голдуу сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй хүмүүс хар тамхинд донтоод байна. Хүүхдийг гэхэд багаас нь хал нь гаднаа хайр нь дотроо гэж хүмүүжүүлэх жишээтэй. Тиймээс хүүхдийг багаас нь өөрийн сэтгэл хөдлөлөө хуваалцаж сургах нь чухал.


Хар тамхи бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн:

Хар тамхи хэрэглэдэг бүртгэлтэй хүмүүсээс гадна нууцаар хэрэглэгчдийн тоо олширсон. Тухайлбал өнгөрсөн онд ЦЕГ, сурагчдын зөвлөлтэй хамтраад 1067 хүүхдийг судалгаанд хамруулсан. Ингэхэд 201 хүүхдээс хар тамхи илэрсэн, түүнээс 150 нь шинээр хэрэглэсэн гэсэн. Энэ бол өмнө нь гарч байгаагүй тоо. Энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц тоо.

Эд нийгмийн чиг хандлага нь эдгээр хүмүүсийг гадуурхах, ялгаварлах, үзэн ядах, гэсгээн шийтгэх хүсэл эрмэлзлээр буцалж байгаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор холбогдлыг олон нийтэд үнэн зөвөөр таниулахад саад учруулж болзошгүй юм гэсэн байр суурийг ч илэрхийллээ. Цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг уулзалтад оролцогчид өгүүлж байлаа.