Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Шатахууны үнийн зөвлөл хуралдлаа.

Хурлаар шатахууны үнээ үндэслэлгүй нэмсэн компаниуд шаардлага хүргүүлэх шийдвэр гаргажээ. Хэрэв шийдвэрийг хүлээн авахгүй бол Газрын тосны тухай хуулийн 6.1.9 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх ажээ. Дизелийн түлшний үнийн өсөлтийг буулгах талаар тавдугаар сарын сүүлчээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байна.

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

"Дэлхийн зах зээлд үнэ өсвөл дагаад үнэ өснө. Харин буурсан нөхцөлд дагаж буурах ёстой. 25 ам.доллараар бензиний үнэ буурсан тул нэг литр тутамд 50 орчим  төгрөгөөр буурна. Брэнт төрлийн газрын тосны үнэ 70-60 ам.доллар болж буурлаа. Ахиад ч буурна гэж бид таамаглаж байна. Тиймээс зургадугаар сарын 15-наас жижиглэнгийн үнийг буулгах арга хэмжээ авна. Гэхдээ иргэд шууд л маргаашаас нь үнэ буух мэтээр буруу ойлгодог. Мөн шатахууны үнийн зөвлөл аль нэг төрлийн шатахууны нэгж үнийг тэдэн төгрөг байна гэж заадаггүй. Гааль, төмөр зам гэх мэт бусад байгууллагаас шалтгаалах асуудлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Импортлогч нартай ойлголцон ажиллаж байна" гэлээ.